СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-09-16

Г.Занданшатар: Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя!

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн.

Гурван өдөр болох Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2023.09.16 ) болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.

Улсын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол үндэсний номын баяр хүрээгээ тэлж, дэлхийн улс орнуудын төлөөлөл, шилдэг зохиолчид оролцдог болж, олон улсын номын баяр болж өргөжих алхмаа хийж байна. Энэ удаагийн номын баярт Хятадын нэрт зохиолч, орчин үеийн дэлхийн утга зохиолын шилдэг төлөөлөгч Үй хуа оролцож байна.  “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг номоороо уншигчдад танил болсон шилдэг зохиолчийг Монголдоо урьж авчирсан “Тагтаа паблишинг”,  “Нэпко” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье гэв.

Мөн тухайн жилд хамгийн шилдэг бүтээл туурвисан зохиолч, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уншигч, номын зүтгэлтнүүдэд Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цом, батламж гардуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн номын баярын дээд шагналаар залуу уншигч Б.Алтанхуяг, дунд үеийн утга зохиолын шилдэг төлөөлөгч, үргэлжилсэн үгийн зохиолч Ц.Ганболд болон өдгөө 85 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч нар “Мэргэн ном”-ын эзнээр тодорсныг зарлан мэдэгдэхдээ таатай байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, номын баярын асарт дэлхийн олон орны зохиолчдын бүтээл, англи ном нэг гол хэсэг нь болж байгааг дурдаад номын ертөнцөөс өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя хэмээн уриаллаа.

Түүнчлэн номын баярыг олон улсын шинжтэй арга хэмжээ болгохоор төлөвлөж, дэлхийн утга зохиолын бас нэгэн гарамгай төлөөлөгч, Японы зохиолч Мүраками Харүкиг Номын баяртаа оролцуулахаар урилга илгээснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дуулгалаа.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-т оролцогчид жил бүр өргөжиж байна. Тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн Үндсэн хуулийн боловсрол, Парламентын боловсрол, Цахим Парламент, Сонгогчдын боловсрол, Статистик, өгөгдлийн боловсрол зэрэг олон чиглэлээр Улсын Их Хурал болон холбогдох бусад байгууллагууд “Номын баяр”-т  оролцдог болоод байгаа юм. Тиймээс цаашдаа Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд энэ баярын үйл ажиллагааны нэг зорилгыг чиглүүлэхээр зорьж байгаа аж.

34 дэх удаагийн Үндэсний номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор ‘Номын нээлт”  “Ногоон зүлэг“ гэсэн хоёр тайзыг бий болгосноос гадна тус тусдаа хөтөлбөртэй байгаа аж.

Мөн номын баярт оролцож буй гадаадын зохиолчид, тодруулбал ХБНГУ-ын зохиолч, яруу найрагч Албрехт Күүн, ОХУ-ын төрийн шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм.

Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр”-ын 34 дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байна. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг 2019 оноос эхлэн  Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн байдаг.

Номын баярын үйл ажиллагаанд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
7 сарын өмнө
139.5.219.53

Энэ нэг хоёр амьтан бол хэрэггүй ээ ! Оронд нь Цоглог найрагчид, Номын ухаантанууд ,номоор гэгэарэгсэд харагдсан бол наран мандаж саран гийх шиг болох байлаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.