Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байсан айлуудыг нүүлгэж, уг газарт нийтийн эзэмшилд ашиглах тохижилт хийнэ
Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байсан 28 айлыг өнгөрсөн 7 дугаар сард нүүлгэн шилжүүлсэн.
Тус чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон байгууламжтай тохилог орчинг бүрдүүлэхээр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа нь тус чөлөөлсөн газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, Хан-Уул дүүрэг ногоон байгууламжтай тохилог орчин бүрдүүлсэн тохижилт хийхээр дурдаж, хоёр тал гарын үсэг зурлаа.
Энэ талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр: “Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байсан 28 айлыг дүүргийн Засаг даргын 2023 оны А/428 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан, 7 дугаар сард нүүлгэн шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 30 гаруй сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэдэд зориулан амралт, зугаалгын цэг байгуулна.
Богдхан уулын орчмын газрын зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам олгодог тул тус чөлөөлсөн талбайд дахин иргэн, байгууллагад газар олгохгүй байх, цаашид нийтийн эзэмшлийн хүрээнд ашиглахыг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа хариуцаж, дүүргийн Засаг даргын захирамжаар тохижилт хийхээр дурдсан” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.