Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас мэдэгдэл гаргажээ.
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ нам нь МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөнд түшиглэн 2019 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш Монгол Улсын сүүлийн 33 жилийн алдааг “оношлон”, хэрхэн “эмчлэх” арга замыг эрэлхийлж, хөгжлийн бодлого боловсруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Тухайлбал, эдийн засгийн 9 хувьсгал, улс төрийн 9 хувьсгалыг хэрхэн хийх арга замыг тодорхойлсон “Шинэ хувьсгал” номыг эрхлэн гаргасан. Энэ номноос ШИНЭ намын үзэл санааг тодорхой харах боломжтой. Мөн эдгээр хувьсгалыг хэрхэн хийх талаар олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор видео контентууд тогтмол үйлдвэрлэж, намын албан ёсны пэйжид нийтэлж буй.
ШИНЭ нам тодорхой бүтэцтэй, дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, судалгаа шинжилгээний багтай, академик байдлаар идэвхтэй, тогтмол үйл ажиллагаа явуулж, үндэсний ардчилсан үзлийг түгээн, оюун санааны хувьсгал хийхийг зорьж байгаа нь эрх баригч хүчинд айдас төрүүлж, өөрсдийн “утсан хүүхэлдэй” мэт харагдуулах худал ташаа мэдээлэл тарааж эхэлжээ.
Тухайлбал, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр isee.mn сайтад “ШИНЭ намын Үнэн ба зөв намтай эвсэл болгож, тэргүүнээр Ж.Батзанданг ажиллуулж, 2024 оны сонгуульд оролцуулах зургийг МАН зуржээ” гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байна. Энэ ташаа мэдээлэлдээ залруулга гаргахыг тус сайтын редакциас шаардаж байна. ШИНЭ нам нь аль нэг нам, хэн нэгэн улс төрчөөс хараат бус, бие даасан институци гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.