Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалт арга хэмжээг Багануур дүүрэгт зохион байгуулав.
Багануур дүүрэгт хийсэн уулзалтыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж, төрөөс хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар товчхон мэдээлэл өгөв.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон яамны холбогдох газрын дарга, харьяа байгууллагын удирдлагууд оролцож Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулжээ.
Иргэдийн зүгээс Монгол Улсын Засгийн газар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр дорвитой шийдэл гаргаж, түүнийг нь Улсын Их Хурал батлан хэрэгжүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Нүүрсний томоохон орд, уурхайтай нь тус дүүргийн онцлог. Тиймээс газрын гүнд ажилласныг хүнд нөхцөлд ажилласнаар тооцдог хуулийн заалт хэвээр үргэлжлэх эсэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох болон тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой асуултыг түлхүү асуужээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын удирдлагууд эрх зүйн зохицуулалтыг жишээ бүр дээр ойлгомжтой тайлбарлаж, зарим иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.