Хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, иргэд зээлээр үйлчлүүлэх нь ихэсжээ

Байнгын хороодын дарга, гишүүд зах, худалдааны төвүүдэд ажиллажээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцжээ.

Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт үүсгэдгээс гадна валютын өсөлт дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.

Хүнсний ногооны хувьд үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна. “Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэв.

9317855dac98400ea404fa6c811a3b0a

Үүний дараа гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрөөс мах сүү ногооны урамшуулал олгож байгаа хэдий ч эдгээр нэр төрлийн барааны үнэ өсөөд байгаа нь урамшуулал нүдээ олж эздэдээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн харах болсон байна. Жижиг, дунд худалдаа эрхлэгчид татвар, НӨАТ-ын асуудлыг их хөндөж байна. Бид энэ асуудлуудыг Байнгын хороонд танилцуулж, Засгийн газар болон холбогдох яамдтай бодлогын түвшинд ярилцаж гарц гаргалгааг Улсын Их Хуралд танилцуулна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” гэлээ. 

bec0abba4840408eb3df1abde6557343

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.