Үе мөчний нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг, оношилгоо хийжээ

Эмч нарын баярыг тохиолдуулан Үе мөчний мэс заслын эмч нар үнэ төлбөргүйгээр үзлэг, оношилгоо хийж иргэдэд үйлчилжээ. Энэхүү өдөрлөгөөрөө дамжуулан тэмдэглэлт өдрүүдийг найр наадам болгож, ууж идэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн хувьд өгөөжтэй мөн нийгэмд хэрэгтэй байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа. Эмч нар тус арга хэмжээгээ тогтмол цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулсан уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан  тэргүүтэй Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Монголын гэмтэл, согогийн эмч мэргэжилтний холбоо”-ны үе мөчний гэмтлийн мэс заслын 15 эмч, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж 500 орчим иргэдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнд гар сарвуу, мөрний эмгэг, өвдөг, түнхний эмгэг, хөл, тавхайн эмгэг, хүүхдийн үений эмгэг, хэрх, үе мөчний эмгэгийг илрүүлэх үзлэг, оношилгоо эхо, рентген, MRI зэрэг багтсан байна. 

Харъяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран үе мөчөө үзүүлэх хүсэлтэй иргэдэд нээлттэй явагдаж, ирсэн хүмүүсийн 90 орчим хувийг 50-иас дээш насныхан эзэлж байсан талаар зохион байгуулагч тал мэдээлэв. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.