СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр нарын гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг хойшлууллаа

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан өчигдөр (2023.03.28-ны мягмар гарагт) хийхээр товлоод байв. Гэвч шүүгдэгч нарын нэгнийх нь өмгөөлөгч хэдхэн хоногийн өмнө нярайлсан учраас хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн тул дөрөвдүгээр сарын 25-ны 09.00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан юм.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Мөнхбаяр албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Тодруулбал, Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан нар тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй атлаа “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-д давуу байдал олгосон байдаг.

Улмаар 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-тай байгуулан захирал П.Энхтүвшингээс хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон хахууль өгөхийг шаардсан аж. Ингээд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффисын гадна П.Энхтүвшингээс 192 сая, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна 158 сая гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хахууль авсан гэнэ. Уг мөнгөө “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Мөн Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах тендерт шалгарсан “Аглаг хангайн уулс” ХХК-тай 2020 оны тавдугаар сарын 18-нд Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дэд захирал Б.Жаргалсайханаараа дамжуулан бас хахууль авсан үйлдэлд холбогдсон. АТГ-ынхны шалгалтын явцад Т.Мөнхбаяр “Аглаг хангайн уулс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас боловсруулсан хүдрийн тонн тутмаас 10 000 төгрөг авахаар шаардаж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн гэж буруутгагдаж буй.

НПГ-аас Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан, Т.Бүрэнбадрах, П.Энхтүвшин, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт хахууль авч, бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан, хахууль өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-2, 22.5-1, 18.6-1 дэх заалтад заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
202.21.121.252

Ийм юмнуудыг насаар нь хорих хэрэгтэй.

Хахууль өгсөнд ч ял шийтгэл оногдуул
11 сарын өмнө
64.119.26.107

Хахууль өгсөнг ч бас шийтгэх хэрэгтээ. Аглаг Хангайн Уулс ХХКийг цааш нь шалгаж, Силверийн туслан гүйцэтгэхээс болиулах хэрэгтээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.