Зураач Т.Отгонбаяр "Алтан гадас" одонгоос татгалзжээ

Зураач Тодын Отгонбаяр нь 1983-1987, 1997-2003 онуудад монгол маркийн ерөнхий зураачаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Лондон хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа нэгэн юм. Монгол улсаас Лондонд суугаа Элчин сайдын яамнаас түүнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнасныг дуулгаж, ирж авахыг урьжээ. Харин тэрбээр хүлээн авахаас татгалзсан байна. 

Энэ талаараа зураач Т.Отгонбаяр: 

-Намайг энэ гоё одонгоор шагнасан тухай Элчин сайдын яамнаас мэдэгдэж, баяр хүргэн, ирж гардан авахыг хүсчээ. Аливаа шагнал тодорхой зэрэг зиндаатай, тухайн хүндээ тохирсон байх учиртай гэж би боддог. Өнгөрсөн нийгэм энэ тал дээр харин ч нэг авууштай чанараар нэлээд хатуу дэг журамтай ханддаг, тэр нь ч зөв байсан гэж боддог юм. Тэр үед ийм дараалалтай байсан.

Эхлээд байгууллагадаа үнэлэгдэнэ. Миний явсан замналаар бол, би эхлээд маркийн зураач байсан гэдгээрээ Монгол маркийн удирдах байгууллага Монгол шуудангаас үнэлэлт авна. Дараа нь мэргэжлийн байгууллага болох Монголын Урчуудын Эвлэлээсээ үнэлэлт авна. Дараагийн шат нь илүү өндөрсөж засаг төрийн байгууллагаас, тухайлбал соёл урлаг хариуцсан яамнаас үнэлэлт авч байж Засгийн Газрын Хүндэт Жуух бичигт хүрнэ. Энэ олон шатаар өгссөөр Төрийн дээд байгууллага, тэр үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд (одоогоор бол Ерөнхийлөгч) хүрч байж төрийн одон медаль хүртэх болзлоо хангадаг байлаа. Тэр нь бас дараалал, зиндаатай. Эхлээд "Хөдөлмөрийн хүндэт медаль" гэж нэг шат байсан. Энэ олон цэнзурийг давсаны дараа л Төрийн дээд одон "Алтан гадас" хүртдэг байсан журамтай байсан юм л даа.

. Надад ийм зиндаанд хүрэх айхтар хийж гийгүүлсэн юм алга. 

Ийм учраас энэ эрхэм шагналаас өчүүхэн би сүрдэж хүлээн авах боломжгүй гэж бодож байна. Намайг шагналд тодорхойлсон хүмүүс, дэмжсэн ЭСЯ, шагнах зарлигаа буулгасан Ерөнхийлөгч та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байгааг хүлээн авна уу. Намайг зөв ойлгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.