Л.Наранбаатарын мугуйдал
УБТЗ-ын нэгэн албаны орлогч даргын гэрээс илэрсэн 7.3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ төрд ямар хэмжээний ёс суртахуунтай хүмүүс ажиллаж байгаа болон төр байсан цагт авлига, албан тушаалын хэрэг арилах уу гэдэг асуултыг дахин дэвшүүлэн тавьж байна. Энэ асуултыг хэрхэн шийдсэнээс хамааран Монгол улс цаашид хөгжлийн зөв зам дээрээ гарах уу гэдэг нь шийдэгдэх дээрээ тулаад байна.
Хэдийгээр шалгаж тогтоох зүйл гараад байгаа ч Эрдэнэтийн 49 хувийг хувьд хувьчилсан нь хамгийн зөв шийдлийн нэг байлаа. Эрдэнэтэд хийдэг шахааны тухай, түүнийг эрх мэдэлтнүүд тонон дээрэмддэг тухай бид олон жил сонссон. Ц.Нямдорж хүртэл хүүгээ гуйгаад Эрдэнэтэд 250 мянган долларын шахаа хийсэн л байсан.
Цаашилбал, МИАТ компанийг хувьчлах, үгүйдээ л 49 хувийг нь хувьд шилжүүлэх ажлыг хийхгүйгээр Монголд 400 сая жуулчин хүлээн авах нь үлгэр юм.
Сүүлийн үед төр хамгийн муу менежер гэдэг нь Хөтөлийн "Цемент, шохой"-н үйлдвэрийн жишээгээр батлагдаад байна.
Энэхүү үйлдвэрийн захирлаар тэмцэгч Л.Наранбаатар томилогдоод удаагүй байгаа. Түүний энэ үйлдвэрийн захирал болохоор тэмүүлснийг, зарласан тендерээс нь харахад ойлгогдоно. 2022 оны 11 сараас хойш 3.5 тэрбум төгрөгийн машин механизм, 1 тэрбум төгрөгийн оффисын программ хангамж, 13 тэрбум төгрөгийн нүүрс, 3.7 тэрбум төгрөгийн шатахуун, 3,9 тэрбум төгрөгийн гөлтгөнө худалдан авах зэрэг тендерүүд зарлагдаж, эхнээсээ эзнээ олоод байна. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны ХОМ-тээ 40 хувийг нь эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн "Ви Ай Пи Эс" компани хүртэл харуул хамгаалалтын үйлчилгээний тендерт нь шалгарсныг та бүхэн харсан л байлгүй.
Товчхондоо Л.Наранбаатар буюу олны нэрлэдгээр Наба маш том мөнгөн дээр суугаад байна. Харин тэр хэрээр ажил нь урагшилж байна уу гэвэл үгүй.
Он гарснаас хойш "мэргэжилтэн, ажилтан авна" гэсэн зар үзэгдэх болсон нь тус үйлдвэр мэргэжлийн боловсон хүчингүй болсны нэгээхэн илрэл юм. Мэргэжлийн бус хүн удирдаж байгаагаас мэргэжлийн хүмүүс нь дайжиж байгаа ажээ.
Ноцтой нь, "Хөтөл" ХХК 2015 онд 61 сая долларын зээл авч, "Цемент шохой" ТӨХК дээр хуурай аргын үйлдвэр, төмөр зам, эрчим хүчний дэд станцыг барьж байгуулжээ. Учир нь тус үйлдвэрийн нойтон аргаар баяжуулах арга нь дэлхийд хоцрогдоод, одоо бараг хэрэглэгдэхээ больсон аж. Гэтэл гүйцэтгэх захирлаар очсоныхоо дараа Л.Наранбаатар "Бид энэ мөнгийг төлөхгүй, манай үйлдвэрийг дээрэмдэх гэж байна" хэмээн Төрийн ордонд хэвлэлийн хурал хийдэг шигээ орилж, бас нэгэн маргааны эхийг тавиад авлаа.
Хэрэв "Хөтөл" ХХК тэр хуурай аргын үйлдвэр, зам, эрчим хүчний дэд станцаа аваад явсан бол тэд төлөх нь зүй ёсны хэрэг. Гэтэл энэ бүгд дээр өдгөө эзэн суучихаад Л.Наранбаатар төлөхгүй хэмээн мугуйдалж байгаа нь "төр аргагүй л муу менежер юм даа" гэдэг үгийг өөрийн эрхгүй хэлэхэд хүргэж байна.
Ажлаа ингэж тааруу явуулчихаад, адаг сүүлд нь Л.Наранбаатарын сейфнээс нь хожмын нэгэн өдөр 7,3 тэрбум төгрөг гарвал би лав гайхахгүй ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.