50 вагон явуулахад 400-450 сая төгрөгийн хахууль авдаг байсан нь батлагдаж байх шиг
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өчигдөр орой ЭЦА-ныхан их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь саатууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ "Төмөр замын албан тушаалтнуудыг шалгах ёстой" гэсэн санаа дэвшүүлсэн. Үүнтэй холбоотой шалгалт эхэлсэн нь уг албан тушаалтныг саатуулснаар батлагдаж байна.
Бидний авсан мэдээллээр тэрбээр өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг хадгалж байхад нь ЭЦА-наас гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. С.Батдөл 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон нэгэн бөгөөд богино хугацаанд асар их баяжсан гэдгийг УБТЗ-ынхан шивэр авир гэлцдэг.
Тэгвэл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл уг албан тушаалд томилогдсоноосоо хойш өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй аж. Ингэж олсон шан харамжаасаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй, валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байжээ. Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байрлах 5-6 объектод нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан аваад зогсохгүй тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгүүд худалдан авах гэрээнүүд хийсэн байсныг эд мөрийн баримт болгон хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлж байна.
УБТЗ-д ажилладаг эх сурвалжуудын өгүүлснээр "БНХАУ руу нүүрс экспортолж байгаа компаниудын удирдлага төмөр замын албан тушаалтнуудад нэг цуваа буюу 50 вагон нүүрс явуулахад 400-450 сая төгрөгийн хахууль өгдөг гэдэг нь үүгээр батлагдаж байна" хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.