? “Богд хааны ордон” музей тусгай хөтөлбөрөөр арга хэмжээ зохион байгуулж байна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа тусгай хөтөлбөрөөр Богд хааны ордонд музейд болж байна.
“Богд хааны ордон” музейн захирал Ц.Эрдэнэбаатар:
-Үзэгч түмэндээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийн баярын халуун мэнд хүргэе. Монгол хүн бүрийн баярын өдөр өнөөдөр билээ. Их Эзэн Чингис хааны хураасан язгуур улс бага хаадын бутралаар бусдын төрд үрэгдсэн. Ард түмэн эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр улсаа тусгаар тогтнуулсан. 1911.12.29-ны өдрөөс өмнө дэлхийн газрын зураг дээр Монгол Улс гэж байхгүй байсан.
Энэ өдөр манай Богд хааны ордон музей уламжлал болгон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил бид Гандантэгчэнлин хийдийн хуврагуудын шүншиглэсэн идээ будааг тавьдаг болсон. Хэт шашинжиж байна гэж бодох хэрэггүй. Богд хаан маань 1911 оноос өмнө шашны хаан байсан бол шашин төрийн хослон баригч хаан болж өргөмжлөгдсөн учраас түүхээ дээдлэх хэрэгтэй.
Иргэн:
-Би "Жавзандамба хутагт төв" гээд ТББ ажилладаг. Бид жил бүрийн энэ өдөр Богд хааны ордон музейд ирдэг. Энэ жил Хүрээ 30 аймгийн тухай үзэсгэлэн гаргасан нь онцлог байна. Хоёр жилийн өмнө өөр үзэсгэлэн байсан. Д.Чойжамц хамба ирж цогчиг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Хөшөөнд цэцэг өргөсөн. Залуу үеийнхэн маань бага ирж харагдлаа. Тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсон билээ дээ.
Зохиолч Шүүдэрцэцэг:
-Тоо бэлэгддэг Монголчуудын хувьд гурван 1 давхцсан онцлог ой тохиож байна. Миний хувьд эх дагинын тухай "Хүйлэн огторгуйн заадас" гээд роман бичиж байсан. Хаант төрөө сэргээсэн энэ өдрийн ач холбогдолыг ард түмэн маань мэддэг байгаасай гэж үнэхээр их хүсдэг. Анхны роман болох "Ану хатан"-аа өөрийн зүгээс бэлэг болгож тусгаар тогтнолын өдрийн 100 жилийн ойд зориулж бичиж, жүжиг болгон бэлэглэж байсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.