?Н.Энхбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхэн зарлиг гаргалаа, мэхийн хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргасан билээ. Энэхүү арга хэмжээнд хүндэт зочноор уригдсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхэн зарлиг гаргалаа. 1220 онд Эзэн Чингис хаан Хархорум хотыг "Эзэнт гүрний нийслэл байх болтугай" гэж зарлигдсан байдаг. Энэ хот мандан бадрахын үлгэрийг үзүүлж байсан ч харамсалтай нь бутран сарниж, сум болох хэмжээнд хүртлээ хаягджээ. Тэгвэл өнөөдөр түүхийн тасарсныг нэгтгэж, түүхийн бахархлыг сэргээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн зарлигаар баталгаажуулж Хархорум хотоо сэргээх зорилготой боллоо. 

Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тэмдэглэж байгаа жилд багтааж, 111 жилийн түүхэн өдөр ийм шийдвэр гаргасанд баяртай байна. Монголын ямар их баян ч ямар хүнд хэцүү зүйлийг туулсан юм бэ гэдгийг эндээс харж болно. 

Монголчууд эв нэгдлээ бататгаж хичээх хэрэгтэй. Бид энэ хотоо байгуулж, улс орноо хөгжүүлэх том боломж нээгдлээ. 

111 жилийн өмнө Богд хаан тэргүүтэй эх орончид түүхийн богино хугацаанд олдсон сиймхийг ашиглаж тусгаар тогтнолоо олж авсан. Тэгээгүй бол бид энэ сайхан эх орондоо туурга тусгаар амьдарч чадах байсан уу гэдэг нь түүхийн асуултын тэмдэг болж үлдэнэ.

Монгол хүн болгоноос тусгаар тогтнол шалтгаална гэдгийг эрэгцүүлэн бодох өдөр. Хүн бүр ажлаа сайн хийвэл тэр тусгаар тогтнолд оруулж буй хувь нэмэр юм шүү. Энэ сайхан орондоо эзэн нь, иргэн нь болж амьдарья гэвэл та өөрийн эрхэлсэн ажлаа л сайн хийгээрэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.