Д.Мөнх-Эрдэнийг хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт үйлдэл өдүүлсэн хэмээн саатуулжээ
Фэйсбүүкт шууд бичлэг (live) хийж, элдэв зүйл ярьж хүмүүсийн анхаарлыг татдаг Д.Мөнх-Эрдэнийг хууль сахиулах байгууллагаас цагдан хорьсонтой холбоотойгоор түүнийг сулла хэмээн олон нийтийн сүлжээнд иргэд бичих болов.
Тэгвэл түүнийг эрүүгийн хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт үйлдэл өдүүлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд хүргүүлсэн байна.
Д.Мөнх-Эрдэнэ шууд бичлэгээрээ төрийн байгууллага, албан тушаалтныг үг хэлээр доромжилж, биед нь халдсан хэд хэдэн үйлдэл гаргасныг үзэгчид нь санаж буй. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын гаргасан гомдлын дагуу цагдаагийнхан өнгөрсөн долоо хоногт тайлбар, мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан ч ирээгүй аж. Тиймээс хууль сахиулагчид Д.Мөнх-Эрдэнийн байгаа очиход согтуу байсан учраас эрүүлжүүлэх байранд хүргэсэн гэнэ. Улмаар үргэлжлүүлээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар болсон байна.
Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ерөнхий консулаар сууж байхдаа эрх мэдлээ ашиглаж, дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Уг хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусах гэж буй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.