“Монголиан эйрвейс” компанийн зорчигч тээврийн AIRBUS A330-200, A320-200 агаарын хөлгүүдээ хүлээн авлаа

Үндэсний агаарын тээврийн түүхэнд зорчигч тээврийн чиглэлээр шинэ хуудас нээсэн үйл явдал болж “Монголиан эйрвейс” компани зорчигч тээврийн AIRBUS A330-200, A320-200 агаарын хөлгүүдийг хүлээн авчээ. 

Шинэ онгоцууд өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буулаа. AIRBUS A330-200, A320-200 агаарын хөлгүүдээр Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэнэ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Монгол улсын агаарын тээврийн салбарыг либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилго, зорилтуудтай зэрэгцэн ийнхүү шинэ хөлгүүдээр зорчигч тээвэрлэх болсон нь өндөр ач холбогдолтой юм.  

AIRBUS -320 агаарын хөлгийн тухайд:

-Airbus нь нэг эгнээтэй тийрэлтэт онгоц болох A320 загварыг худалдаанд гаргасан нь дэлхийн хамгийн тав тухтай богино болон дунд зайн нисэх онгоцны стандартыг тогтоосон.

-A320 нь ихэвчлэн 140-170 зорчигчийн суудалтай бөгөөд хамгийн ихдээ 180 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Мөн суудлаар төрөл бүрээр тохируулж болно.

-Нэг удаагийн цэнэгээрээ 6200 км туулах чадвартай, эзлэхүүн нь 139 м3, хөөрөлтийн дээд жин нь 78 тонн зэрэг онцлох хүчин чадалтай.

-Бүхээгийн чимээ маш бага бөгөөд олон төрлийн гэрэлтүүлгийн сонголттой тул нислэгийн үеэр тухтай аялах боломжийг олгодог.

-“Fly-by-wire” нислэгийн удирдлага болон бүхээгийн удирдлагын системээр тоноглогдсон тул энэхүү тогтвортой байдал нь нисгэгчид болон бүхээгийн багийнхны ажлыг хөнгөвчлөх, зорчигчдод анхаарал хандуулах боломжийг олгодог.

AIRBUS -330 агаарын хөлгийн тухайд:

-Хамгийн орчин үеийн, найдвартай нисэх онгоцны нэг.

-A320, A330 загварууд нь Airbus-д үйлдвэрлэсэн бусад агаарын хөлгүүдтэй ижил төстэй тул сургалт, засвар үйлчилгээний зардалыг хэмнэх боломжийг олгодог. Жишээ нь бүх Airbus тийрэлтэт онгоцны нэгэн адил “fly-by-wire” дижитал удирдлагыг ашигладаг.

-Нэг удаагийн цэнэгээрээ 15 094 км туулах чадвартай, нийт 252 зорчигчийн багтаамжтай, эзлэхүүн нь 335 м3, хөөрөлтийн дээд жин нь 251 тонн зэрэг онцлох хүчин чадалтай.

-Энэ загварыг дэлхий даяар зорчигч, ачаа, VIP нислэгээс эхлээд цэргийн тээвэр, агаарын түлшээр цэнэглэх зэрэг янз бүрийн үйл ажиллагаанд ашигладаг.

-99.4%-ийн найдвартай ажиллагаатай тул агаарын тээврийн компаниуд A330-200 загварын чанарыг илүүтэй сонгосоор ирсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.