БИЧЛЭГ: Өрөмч хотын галд 10 хүн амиа алдсаны дараа эсэргүүцлийн жагсаал дэгджээ
БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотын орон сууцны хороололд гарсан галд 10 хүн амь үрэгдсэний дараа хотын оршин суугчид коронавирусийн хязгаарлалтуудыг эсэргүүцэн жагсжээ.
Тус хотод тогтоосон хорио цээрийн чанга хатуу дэглэмийн улмаас өнгөрөгч пүрэв гарагт гарсан галын үеэр олон оршин суугч гэрээсээ гарч чадаагүй гэж нэг иргэн "BBC" агентлагт ярьсан ба коронавирусийн хязгаарлалт гал түймэртэй тэмцэх албаныхны хүчин чармайлтад саад болсон гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр өргөн тархаад байгаа юм.
Орон нутгийн эрх баригчид үүнийг эрс үгүйсгэсэн ч баасан гаргийн орой албан ёсоор уучлалт гуйж, үүргээ биелүүлээгүй алба хаагчдыг хатуу шийтгэнэ хэмээн мэдэгдсэн. Мөн цар тахлын үеийн хязгаарлалтууд нь энэхүү золгүй осолд нөлөөлөөгүй ч эдгээр дүрэм журмыг аажмаар цуцална гэж амласан.
Гэвч энэ оны наймдугаар сараас хойш хорио цээрийн дэглэмд амьдарсан иргэд Өрөмч хотын захиргааны байрны гадна олноороо цугларч, саадуудыг эвдэн, албаны хүмүүстэй мөргөлдөж, "Ковидын хөл хориог зогсоо" хэмээн хашхирч байжээ.
Хятадад цар тахлын тохиолдлын тоог тэглэх хатуу бодлогыг хэрэгжүүлж байгаа ч халдварын хэмжээ дээд цэгтээ хүрсэн ба иргэдийн уур бухимдал ч нэмэгдсээр байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.