? Я.Содбаатар: Б.Болдсайхан бол Монгол Улсын Гавьяат эмч

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм.

Энэ жилийн "Чингис хаан" одонг АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн хүндэт профессор Жак Уэтерфорд, ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич, доктор профессор Дэчингунгаагийн Доржготов нарт олгохоор болоод буй.

Энэ жилийн "Чингис хаан" одонг Сонгдо эмнэлгийн захирал, зүрхний эмч Б.Болдсайханд олгоно гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Гэвч энэ жилийн шагнал өөр "эзэнтэй" болжээ. Энэ талаар ЕТГ-ын дарга дараах тайлбарыг өглөө.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Шагналд дэвшүүлдэг журмын дагуу ШУА зэрэг холбогдох байгууллагуудаас санал авч төрийн тэргүүнд танилцуулж, шагналыг олгодог. Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын Гавьяат эмч. Анагаахын салбарт олон жил идэвхи санаачилгатай ажиллаж байгаа шилдэг эмч нарын нэг.

Энэ жилийн томоохон онцлог бол Чингис хаан мэндэлсний 860 буюу тэгш ой. Ковидоос болж сүүлийн хоёр жилд дорвитой тэмдэглээгүй тул тэгш ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэхээр болсон.

Жишээ нь, "Чингис хаан" хаад язгууртын музей нээж, Чингис хааны эш хөргийг заллаа. ШУА-тай хамтарч өнгөрсөн наймдугаар сард томоохон хурал зохион байгуулж, "Чингис хаан судлал"-ын олон улсын холбоо байгуулсан. Эдгээр ажлын хүрээнд Чингис хаан судлалаар олон улсын тавцанд Монголыг сурталчилж, гавъяа байгуулсан эрхэмд шагнал олгох болсон нь нүдээ олсон алхам болсон гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.