? Ипотекийн зээлийг нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөх шийдвэр гарсан талаар /2022.11.21/ мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонслоо. Экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэхээр 362 дугаар тогтоол гаргаж ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өргөн барина.
Хоёрдугаарт, Нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар, УИХ анхаарч Хянан шалгах түр хороо ажиллуулж байна. Дүн нэгтгэгдэж гараагүй байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Сайдын ажил авч байх үед валютын нөөц 2,5 тэрбум доллар байсан. Өнөөдөр 2,8 тэрбум болж өссөн. Арилжааны банкуудын валютын хязгаарлалт хоногийн нэг сая төгрөг байсан бол 20,0 сая, зарим банкан дээр 10,0 сая төгрөг болж нэмэгдсэн. Гэхдээ үүнийг авч хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар "Эрдэнэс тавантолгой" ХК дээр онцгой дэглэм тогтоох гэх мэтийн гурван арга хэмжээ авсан. Гол нь гааль, татварын мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Зарагдаж байгаа нүүрсний үнийг нэмэгдүүлэх боломжийг үүсгэх хэрэгтэй. Хууль батлагдахыг хүлээлгүйгээр Засгийн газар түр журам гаргаж, 2023 оны хоёрдугаар улиралд багтааж нүүрсээ биржээр зарна. Он дуустал "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг 500 сая, "Эрдэнэт" ТӨҮГ 300 сая, Оюутолгой компани 500 сая ам доллар оруулж ирэх үүрэг хүлээсэн. Ингэснээр валютын урсгалыг нэг тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ. Энэ зорилтыг тавиад ажиллаж байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг хуулийг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.
Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас Засгийн газрын саналаар явуулъя гэдэг дээр ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.