- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Дархан цаазат, тусгай хамгаалалттай Богдхан уулын талбайн хэмжээ 42 192.36 га-г эзэлдэг. Үүнээс нэлээд хэсэгт нь үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын алдаа завхрал, ашиг сонирхлын зөрчлийн улмаас орон сууцын хороолол барьж, хүн ам суурьших болсон билээ.
Нийслэлчүүдийн хөрөнгө мөнгөний боломжтой хэсэг нь Зайсангаар тогтохгүй бусад олон аманд барьсан орон сууц, хаус хороололд амьдрахыг зорьж буй эрэлт, хэрэгцээнд тулгуурлан барилгын компаниуд Богдхан уулын дархан цаазат бүсэд аялал жуулчлал нэрийн дор, албан тушаалтнуудад хээл хахууль өгч байж газар олж аваад, түүнийгээ зориулалт бусаар ашиглах болсныг бүгд мэдэж байгаа.
Харамсалтай нь хариуцсан яам, нийслэлийн удирдлага юу ч хийж чадахгүй, авсан газраа зориулалт бусаар ашиглаж буйг нь харсаар байж ус балгасан мэт дуугүй өнгөрөөж, орон сууцуудыг нь ашиглалтад оруулах болсон. Уг нь төр, засаг Богдхан ууланд газар олгохгүй, ухаад орхисон талбайд холбогдох аж ахуйн нэгж, иргэнээр яаралтай нөхөн сэргээлгэх арга хэмжээ авхуулна гэх мэтээр ярьдаг ч бодит байдал дээрээ ажил хэрэг болсон нь үгүй.
Өдгөө УИХ, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд орон сууцын олон давхар барилга барьж буй нь Засгийн газрынхаа эсрэг ажиллаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц шийдвэр гаргуулахаар улайрах болсон нь хачирхалтай. Чухам юунаас үүдэн ийн бичих болов гэдгийг доор тодруулан хүргэе.
Зайсан толгойгоос урагш, иргэд Богд уул руу алхахаар очдог Дугуй цагаан орох замд, албан ёсны нэршлээр бол Ар Зайсангийн гудамжинд өндөр хүчдэлийн шугамтай зэрэгцээд олон өргөгч цамхаг босгож, барилга барьж эхэлсэн. Энэ бол Увс аймгаас төр түшилцэхээр хэдэнтээ сонгогдсон, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан “Хурд групп” ХХК-ийн хамаарал бүхий “Гобиресурс хилл” гэх компанийн барьж буй орон сууцууд.
“Нарны хороолол”, “Хүннү” зэрэг орон сууцын хороололтойгоо адил тус бүр нь 25 давхар 16 блок барилга энд барьж эхэлснийг барилгын талбайд ажиллаж буй ажилчид нь хэлж байгаа юм.
Энэ орон сууцын хороолол ашиглалтад орсноор Зайсангийн түгжрэл улам нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс ойр хавийн оршин суугчид, Богд ууланд алхдаг иргэд ихэд дургүйцэн “Б.Чойжилсүрэн Засгийн газрынхаа эсрэг ажиллаж, түгжрэлийг улам нэмэх гэж байна. Засгийн газраас нийслэлийн авто замын хэт ачаалал, түгжрэлийг багасгахын тулд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг хот хариуцсан сайдаар томилчихоод байгаа. Гэтэл Б.Чойжилсүрэнгийнх нь аж ахуйн нэгж Зайсан орчмын түгжрэлд нэрмээс болохоор олон айлын сууц зөвшөөрөлгүй барьж эхэллээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлж буй юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зайсангийн гудамж дахь авто замууд ачаалал, түгжрэл ихтэй байсныг ууланд алхчихаад бууж буй иргэд бүгд мэдэрцгээсэн. Цас орж, авто зам халтиргаа гулгаа ихтэй байсныг ч хэлэх үү, жолооч нар маш бага хурдтай явсан нь ч түгжрэлд нөлөөлсөн биз.
Иргэд, оршин суугчид ийнхүү унтууцах нь аргагүй. Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий дээрх орон сууцын хорооллын нэг давхарт зургаан айл амьдарна гэж тооцвол 25 давхар, 16 блок байранд ойролцоогоор 2400 өрх аж төрнө гэсэн үг. Нэг айл 1-2 автомашинтай байна гэж үзвэл дунджаар 3600-гаад тээврийн хэрэгсэл ганцхан хорооллоос гарах нь. Зайсан орчмын авто замууд хоёрхон эгнээтэй. Уг замд нь 3600 автомашин нэмэгдэхээр тэр хавийн оршин суугчид хаашаа ч хөдөлж чадахгүй болж болзошгүй.
Түгжрэл үүсэж буй шалтгааныг төлөвлөлтгүй, барилга ихээр барьснаас болсон гэдгийг мэргэжлийн байгууллагын судлаачид судалж тогтоочихоод байгаа.
Тодруулбал, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном-2021”-т “Улаанбаатар хотод төлөвлөгдөөгүй барилга асар ихээр баригджээ. Барилгын хэмжээ 1980 оноос 3.5-5 дахин нэмэгдсэн боловч замын үндсэн сүлжээ 1970 оныхоор байна. Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм (БНбД)-ийн холбогдох заалтыг мөрдөж байсан бол өнөөгийн тээврийн хэрэгслийн ачаалал, түгжрэл өдий хэмжээнд хүрэхгүй. Хот төлөвлөлт нь замын хөдөлгөөний зохион байгуулалт, түгжрэл гацааны суурь нөхцөлийг бүрдүүлдэг ажээ” хэмээсэн байгаа юм.
Төлөвлөлтгүй барьж буй барилгын тоонд дээрх төрийн түшээгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан орон сууцууд орох нь гарцаагүй. Зайсан дахь төлөвлөлтгүй барилгуудын ард авлига, ашиг сонирхлын зөрчил л бий гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Дархан цаазат ууланд аялал жуулчлалын зориулалтаар л үйл ажиллагаа явуулах хуулийн заалтыг зөрчин орон сууцууд олноор барьсан, одоо ч босгож байгааг хэн хүнгүй харж буй ч ашиглалтад оруулж, хүлээн авдаг нь хээл хахууль байдгийг илтгэнэ.
Бодит жишээ болсон нэг бус хүнийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж, нөгөөдүүл нь хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэхээр хандсан удаатай. Гэвч улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хамгаалалтад байдаг барилгын компанийн эзэд үүнийг үл ойшоон, мөнгө цагаан, нүд улаан гэгчээр зүтгэсээр, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар буйг өдгөө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хараагүй, сонсоогүй гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.
МАН хэмээх малгай дор нэг Засгийн газарт ажиллаж байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын болон хот хариуцсан сайд нь ус балгасан мэт дуугүй сууж буй биз. Хотын дарга нь ч мөн адил нэг намынх гэдэг улс төрийн шалтгаанаар юу ч хэлж чадахгүй байгаа бололтой.
Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Богдхан уулаа барилгажуулалгүй авч үлдэх томоохон алхам хийгдлээ. Богдхан уулын хамгаалалтын бүс 22 896 га байсныг тэлж, 5562 га газраар нэмэгдүүлэн, 28 458 болгон өргөтгөж, нэмж хамгаалалтад авах шийдвэрийг БОАЖЯ-наас гаргалаа. Барилгажаад буй хязгаарлалтын бүс 12 453 га нь 5562 га газраар багасаж, 6891 га болж хумигдлаа. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5562 га газрыг хамгаалж үлдлээ” хэмээж байсан нь саяхан.
Гэтэл барилгажаагүй байсан талбайд нь Засгийн газрын нэг танхимд суугаа сайдынх нь хамаарал бүхий компани зөвшөөрөлгүй гэхэд хилсдэхгүй орон сууц босгож байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны зургадугаар сарын 15-ны А/198 дугаар тушаалаар “Гобиресурс хилл” ХХК-д Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 8.8 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн 0171140 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгосон аж.
Өөрөөр хэлбэл, тэр үед сайдаар Л.Гансүх ажиллаж байхдаа дээрх компанид дархан цаазат ууланд газар ашиглах зөвшөөрөл олгож. Тухайн газартаа “Гобиресурс хилл” ХХК сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолбор (нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж) барихаар төлөвлөсний дагуу 2019 оны аравдугаар сарын 14-нд нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын гарын үсэгтэй архитектур төлөвлөлтийн даалгавар бичиж өгсөн байх юм.
Түүнд тусгаснаар 2-4 давхар, зоорьтой барилга барих ёстой бөгөөд барилгажих талбай нь 44 008.9 ам метр байхаар тусгасан юм билээ.
Үүнийгээ “Хүмүүн” гэх сургуулийн барилга барьсан гэж хаацайлах биз. “Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьсан юм бол гүйцээгээд аялал жуулчлалын зориулалттай барилгаа бариад ашиглалтад оруулчихгүй, бетонон ширэнгэ болсон өндөр орон сууцууд Улаанбаатар хотын газар хөдлөлийн идэвхтэй бүс болох Зайсанд босгож байгаа нь харамсалтай. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг хүнд энэ каркасуудаа буулгаад, өөр газарт зохих хууль, журмын дагуу барилга барих зөвшөөрлөө аваад байшингуудаа босгох бэл бэлчин байгаа шүү дээ” хэмээн ойр хавийнх нь оршин суугчид өгүүлж буй юм.
Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчинтэй хугацаа 2021 оны аравдугаар сард дууссан бөгөөд түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан, эсэх нь эргэлзээтэй, барилга барих зураг төслөө нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулаагүй гэх мэдээлэл наадмын өмнөхөн цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан бөгөөд зуны амралт зугаалгын үе таарсан учраас тэгсхийгээд хэн ч анзааралгүй мартагдсан гэхэд хилсдэхгүй.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий гэх аж ахуйн нэгжийн барилга барьж буй талбай төдийгүй Зайсан орчим тэр чигээрээ ундны цэвэр ус, дулаан хангамжийн дутагдалтай, оршин суугчдынхаа эрхийг зөрчдөг гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Зайсан орчмын цэвэр усны хангамжийг шийдвэрлэхийн тулд Соёмботой уулын зүүн энгэрт хоёр том бетонон ус хадгалах сав барьж буй билээ.
Тэгвэл 25 давхар, 16 блок орон сууцын хорооллынхоо дулаан хангамжийг хэрхэн шийдвэрлэхээр болж байгаа вэ. Бидэнд олдсон мэдээллээр зарим хэрэглэгчийн дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой байршлуудад уурын зуух концессоор барьж, ашиглалтад оруулах санал Засгийн газрын хуралдаанд оруулж буй сурагтай.
Эрчим хүчний сайд өөрөө үүнийг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хүн өөрт ашигтай шийдвэр төрөөс гаргуулсан болох нь гарцаагүй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал хэмээн тодорхойлсон.
Тэгэхээр Зайсанд хамаарал бүхий аж ахуйн нэгж нь барилга барьж байгаа үед тухайн орчмын хэрэглэгчдийн дулаан хангамжийн асуудлыг концессоор шийдвэрлүүлэх шийдвэр гаргуулахаар болж буй бол УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ашиг сонирхлын зөрчилтэй, өөрт ашигтай шийдвэр гаргууллаа гэсэн үг. Ойр хавийн оршин суугчдынх нь хэлснээр “25 давхар, 16 блок орон сууцынхаа зүүн урд хэсэгт, “Хүмүүн” сургуулийн ард талд уурын зуух барихаар болж байгаа” гэнэ.
Магадгүй энэ орон сууцын хорооллынхоо дулааны эх үүсвэрийг уурын зуухаар шийдчихээд цаашид концесс нэрийн дор төрөөс, Зайсанд амьдардаг, амьдардаггүй нь хамаагүй татвар төлөгчдийн мөнгөнөөс дулааны эх үүсвэртэй болгосон зардлаа хэд нугалаад буцаагаад авчих магадлалтай.
Дээрх хуулийн 7.2.4-т “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” хэмээн заасан.
Харин Эрчим хүчний сайдад хуулийн эдгээр заалт үйлчилж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадах уу гэдгийг харах л үлдлээ. Бид энэ нийтлэлийнхээ мөрөөр эргэн сурвалжилж, БОАЖЯ, нийслэлийн холбогдох байгууллага, төр, засаг ямар арга хэмжээ авч буйг мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Засгийн газар огцор
Жилийн өмнө баригдаж эхэлж бхад тоогоогүй байж одоо хэчнээн барилга баригдаад дуусч бхад сая л сэрж бдаг.Чойжилсүрэнг эрчим хүчний сайдад яригдаж бхад энэ барилгууд яригдаж л бсан харамсалтай нь асуудал болгож авч үзээгүй биз дэ Ай хөөрхий хорвоо юм да
Энэ арай л хэцүү бна шүү агаарт гарах газар байгүй тэр одон орны судлалын төвийн ойр орчмын газрыг Чойжилсүрэн бас аваад байшин барьж бгаа гэсэн тэр хав чинь газар хөдлөлийн идэвхтэй бүс гэж бгаа биз дээ тэр барьж буй байшинд нь айл бүү ороорой !!!!!!