БНСУ-д суугаа ЭСЯ-наас Тоонот рекордс хамтлагт хандан мэдэгдэл гаргажээ

Тоонот рекордс хамтлаг энэ сарын 28-ны өдөр БНСУ-ын Бусан хотод аялан тоглолтоо хийжээ.

Тэд хуваарь ёсоор аравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Сөүл хотод хоёр өдөр дараалан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч 29-өөс 30-нд шилжих шөнө Итаевон дүүрэгт эмгэнэлт хэрэг явдал гарч, одоогоор 153 хүн амиа алдаж, 83 хүн бэртээд байгаа билээ. 

Тус хамтлагийнхан тоглолтоо хуваарь ёсоор хийхээ зарласан ч Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-аас үндэсний гашуудлын өдөр зарласантай холбогдуулж дараах мэдэгдлийг гаргажээ. 

Уг мэдэгдэлд: 

-2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итаевон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо.

Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгээ хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.