Цасан шуурганы улмаас замд саатсан зорчигчид "Уурхайчин" спорт цогцолборт хоножээ
Энэ сарын 29,30-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар ихээхэн хэмжээний цас орж даваа гүвээ хаагдсан билээ.
Өчигдөр үдээс хойшоос Улаанбаатараас зүүн аймгуудыг чиглэсэн А0501 замд халтиргаа гулгаа үүсэн зорчих хөдөлгөөнд эрсдэл үүссэн. Улаанбаатар-Хэнтий, Улаанбаатар-Сүхбаатар, Хэнтий-Улаанбаатар чиглэлийн хүн тээврийн гурван автобус шөнийн цагаар замаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Багануур дүүрэгт саатжээ.
Дээрх автобусанд зорчиж явсан иргэдийг Багануур ХК-ийнхан "Уурхайчин" спорт цогцолбортоо байрлуулж ор дэвсгэрээр ханган хонуулсан аж. Тэдэнд шаардлагатай гудас хөнжил гэх мэт зүйлийг Багануур ХК-ийн Гамшгаас Хамгаалах Штабын бэлэн байдлын агуулахаас хангаж, даарч хөрсөн зорчигчдод үйлдвэрийн эмч нар анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийжээ. Зорчигчдын биеийн байдал хэвийн байсан.
Гурван автобусны 125 зорчигчийн 70 нь "Уурхайчин" спорт цогцолборын зааланд байрласан бол үлдсэн хүмүүс нь тус дүүрэгт байдаг төрөл садангийн айлуудаа зорьсон байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.