Малчид биржээр дамжуулан малаа үйлдвэрт арилжаалж эхэллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК анх удаа амьд малын дуудлага худалдаа болон амьд малын спот гэрээний туршилтын арилжааг амжилттай зохион байгуулжээ.
Арилжаанд худалдагч талаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Санжин Богд" хоршоо, худалдан авагч талаас мал, мах боловсруулах үйлдвэрүүд цахимаар оролцсон байна.
"Санжин Богд" хоршооноос өсвөр насны 200 толгой хонь, нас гүйцсэн 50 толгой эм хонь дуудлага худалдаагаар зарах захиалга ирүүлж, худалдан авагч тал цахимаар холбогдсон бөгөөд "Зайсан инвест агро" ХХК худалдан авах хамгийн дээд үнийн санал өгч, дуудлага худалдааны ялагч болсон аж.
Мөн тус өдөр амьд малын спот гэрээний арилжаанд "Санжин Богд" хоршоо нас гүйцсэн эр 100 толгой мал худалдах санал ирүүлснээс "Зайсан инвест агро" ХХК нэг удаагийн хэлцлээр 20 толгой нас гүйцсэн эр хонь худалдан авсан. Ингэснээр цаашид малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малын дуудлага худалдаанд оролцож, худалдах, худалдан авах боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.