? "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг чөлөөлж Ц.Батболдыг томиллоо
"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн ёс суртахуунгүй үйлдэл болон нарийн мэргэжлийн 52 эмчийг ажлаас нь дарамтлан гаргасан гэх асуудлыг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлсэн.
Мөн түүний ёс суртахуунгүй авирлаж буй бичлэг цахим орчинд цацагдсаны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд чөлөөлөх тушаал гаргажээ. Уг тушаалыг "Өргөө" амаржих газрын нийт албан хаагчдын өмнө өчигдөр орой /2022.10.13/ танилцуулжээ.
Харин өнөөдөр түүний оронд түр хугацаанд "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилохоор болжээ.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
-"Өргөө" амаржих газарт хийсэн шалгалтаар Ж.Энхцэцэг дарга Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц орон тоо, дүрэм журмыг дур мэдэн өөрчилж, сонгон шалгаруулаттай холбоотой заалтыг өөрчилж, өөрийн харьяаны дагуу ажиллах ёстой функцүүдээ өөр дэд захирал руугаа шилжүүлэх, санхүүгийн асуудал зэргийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлсэн.
Шалгалтын дагуу наймдугаар сарын 22-нд албан бичгийг илгээж, нэг сарын хугацаатай зөвлөмж өгсөн. Яамнаас есдүгээр сарын 20-нд танилцахад нэлээн олон зөрчил хэвээрээ, зөвлөмжийг биелүүлээгүй байсан. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороогоор хүсэлтийн дагуу шалгалт хийсэн. Энэ хороонд яамнаас ганц л мэргэжилтэн байдаг бөгөөд бусад нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар ахалж, ажилладаг.
Дүгнэлтээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 12 заалтыг зөрчсөн байна гэж тогтоосон. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт Ж.Энхцэцэг даргыг дуудаж, тайлбар авахад энэ асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс аравдугаар сарын 12-нд Ж.Энхцэцэг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сонсголыг зохион байгуулж, өчигдөр ажлаас нь чөлөөлсөн. Шалгалтын дүнгээр 2021, 2022 онуудад нийт 138 ажилтан чөлөөлөгдөж, 60 орчим нь өөрсдөө ажлаа өгсөн байна. Ж.Энхцэцэг дарга удирдлагуудад асуудал байна гэдгийг хэлж байгаа. Тийм учраас "Өргөө" амаржих газрын захирлын үүргийг түр "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилсон. Эрүүл мэндийн яамнаас удирдлагын багт зөвлөгөө өгөх багийг давхар томилсон гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.