Украины цэргийн хүчин тус улсын зүүн бүсийн гол хот болох Лиманаас Оросын цэргүүдийг түлхэн гаргаж, хотыг бүрэн хяналтдаа авсан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Үүнээс өмнө, Москвагийн зүгээс цэргүүд нь бүслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, тэднийг татан гаргаж буйгаа зарлаад байсан билээ. Донецк мужид орших тус хотыг Оросын арми эзлэн авснаасаа хойш дөрвөн сарын дараа ийнхүү Украины талд алдсан нь Кремлийн хувьд "гутамшигтай мөч" гэж шинжээчид дүгнэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч баасан гарагт Донецк болон Украины өөр гурван бүс нутгийг ОХУ-д албан ёсоор нэгтгэсэн ч олон улсын хамтын нийгэмлэг үүнийг эсэргүүцэж байгаа юм.
More #Russian flag burning in #Lyman today, with the Ukrainian colours raised outside the city's police station, and the white blue and red tricolour set alight in the courtyard pic.twitter.com/9LSbtmgTGL
— Luke Harding (@lukeharding1968) October 2, 2022
Ерөнхийлөгч Зеленский ч мөн Оросын алхмыг буруушааж, арми нь өмнөд болон зүүн зүгт довтолгоогоо үргэлжлүүлэн, Крым зэрэг Оросын эзэмшилд орсон бүх газар нутгийг "буцааж" авахаа мэдэгдсэн. Северский Донец голыг дайран өнгөрдөг гол зам Лиманд оршдог бөгөөд оросууд тус бүсэд хамгаалалтаа бэхжүүлэхийг оролдож байсан ч Украины тал хотыг эзэлснээр тэдний логистикийн төвийг гартаа оруулаад байна.
Украины цэргүүд одоо Лиманаас Сватове, Кременная хотууд руу урагшилж байгаа ба "Путины хоосон үгс болон тулааны талбар дахь бодит байдлын хоорондох ялгаа улам ихэснэ" гэж таамаглаж буйгаа ноён Зеленский илэрхийлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.