Олон улсын тэргүүлэх хуульч, эдийн засагч, дипломатчидаас бүрдсэн хориг арга хэмжээний ажлын хэсэг ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс" гэж зарлах ёстой хэмээн албан ёсны тайландаа дүгнэжээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак АНУ болон Европын орнуудыг ийнхүү мэдэгдэл гаргаж, хориг арга хэмжээгээ улам өргөжүүлэхийг уриалсан байна.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор, ОХУ-ын сүүлийн үеийн үйл ажиллагаа нь АНУ, Канадын хуулийн дагуу "террорист улс" гэх тодорхойлолтод багтах болжээ. Одоог хүртэл зөвхөн Умард Солонгос, Сири, Иран, Куба улсууд л ийнхүү нэрлүүлж байсан бөгөөд хэрэв Орос тэдний эгнээд элсвэл санхүүгийн системээс бүрэн хязгаарлагдаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүний статус нь хөндөгдөх эрсдэлтэй.
ОХУ террорист орны бүх шинж чанарыг харуулсан гэж буруутгаж буй Украины эрх баригчид хамгийн сүүлд Кремлийг "Хойд урсгал" байгалийн хийн хоолойн үйл ажиллагааг хорлон сүйтгэсэн гэж буруушаасан билээ. Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дараа орох Украины Засгийн газрын хоёр дахь хүчирхэг албан тушаалтан Андрей Ермак Барууны орнуудын одоогийн хориг арга хэмжээг сайшаасан ч нөлөөлөл нь шийдвэрлэх түвшинд хүрээгүй гэж үзэж байна.
Тэгвэл ОХУ-ыг "террорист улс" гэж зарласан тохиолдолд тус улсын төрийн байгууллагуудыг дэмжиж, эсвэл худалдаа эрхэлсэн аливаа байгууллага, хувь хүмүүст хоёрдогч хориг арга хэмжээ авах боломжтой болох юм. Түүнчлэн Оросын төрийн терроризмын улмаас амь насаа алдаж, аливаа хохирол амссан АНУ-ын иргэд болон ар гэр нь санхүү, эд материалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд нээлттэй болно.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.