Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман Ерөнхий сайдаар томилогджээ. Уламжлал ёсоор хааны хашдаг албан тушаалд 37 настай бин Салман очиж, албан ёсоор Засгийн газрын тэргүүн болж байна.
86 настай хаан Салман бин Абдулазиз энэ жил хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч Засгийн газрын хуралдааныг үргэлжлүүлэн удирдана гэжээ. Газрын тосны нөөцөөр баялаг Саудын Арабын де-факто удирдагч Мохаммед бин Салман үүнээс өмнө Шадар сайд, Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан бол одоо түүний дүү, ханхүү Халид бин Салман Батлан хамгаалахын сайдаар томилогдсон байна.
Угсаа залгамжлах ханхүүг ийнхүү албан тушаал дэвшүүлсэн нь Үндсэн хуулиас үл хамаарах явдал бөгөөд хааны өмнөх зарлигтай нийцэж байгааг албаны эх сурвалж "Ройтерс" агентлагт хэлжээ. Тодруулбал, тус албаны хүн "Угсаа залгамжлах ханхүү улсын гүйцэтгэх засаглалын үндсэн байгууллагуудад өдөр бүр хяналт тавьдаг бөгөөд Ерөнхий сайд болсноор түүний үүрэгт өөрчлөлт орохгүй" хэмээсэн юм.
Консерватив вант улсын ханхүү Мохаммед бин Салман эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрч, эдийн засгаа газрын тосноос өргөжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн зарим шинэчлэл хийснээрээ сайшаал хүртээд буй. Гэвч түүний Йеменд дэгдээсэн дайн хүмүүнлэгийн сүйрэлд хүргэснээс гадна тэрс үзэлтнүүдийг дарах нэрийн дор багахан зөрчилд ч хэт урт хугацааны хорих ял оногдуулж байгаа нь ихээхэн шүүмжлэл амссан. Тэгвэл ОХУ Украинд түрэмгийлсний улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөөд буй сүүлийн саруудад Барууны удирдагчид ханхүү Мохаммед бин Салмантай найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэх болсон бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долдугаар сард Жидда хотод айлчилсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.