Х.Баттулгын цаашдын улс төр
Хоёр байтугай хуваагдаад байгаа Ардчилсан намд нэг хэсэг нь эвлэлдэн нэгдэх оролдлого явуулж байхад, нөгөө хэсэг нь С.Эрдэнийн тамга, гэрчилгээг хүчингүй болгох бүхий л аргыг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намынхан УИХ дахь АН-ын бүлгээ авсан амжилт дээрээ дөрөөлөн, намын дүрэмд өөрчлөлт оруулах, намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээ авахаар Улсын дээд шүүхэд хандаад байна.
Тодруулж хэлбэл, ЖАН-ынхан ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижирийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлэх хүсэлт гаргасан ба ирэх мягмар гарагт УДШ-ийн нийт шүүгч эл хүсэлтийг хэлэлцэнэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ЕНБД-аас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэмээх өндөр дээд албан тушаалд томилогдож, улс төрд ширүүхэн орж ирсэн Ө.Шижир бол хаанаас ч харсан Х.Баттулгын хүн. Тиймдээ С.Эрдэнийн АН-ынхан өдөр тутмын сонинд “Ө.Шижирийг АН-ын даргаар тавьж, Х.Баттулга өөрөө дэд дарга болох гэж байна” хэмээн бичсэн байсан.
Нэгэнт, О.Цогтгэрэлийг ч, Х.Баттулгыг ч хүлээн авах боломжгүй гэдгээ УДШ “илэрхийлсэн” /бүртгэхгүйг нь мэдээд Х.Баттулга нэрээ татсан.Сур/ тул Ө.Шижирийг зүтгүүлж байгаагийн цаана ямар улс төр явааг таах юмгүй болчихлоо.
Улсын их хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан нам нэгдмэл оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа. С.Эрдэнэ толгойлж оролцож гэмээнэ ЖАН-ынхан түүний үйл ажиллагаанд тээг болж, улмаар дахин ялагдал хүлээх нь тодорхой. Иймд намын тамга, тэмдгийг авахын тулд сүүлийн үед хуулиар яваад амжилт олохгүй байгаа ЖАН-ыхан С.Эрдэнэ рүү улайм цайм дайрч давшлах болсон билээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ө.Шижирийг АН-ыг төлөөлөх хүн болгохын сацуу 2024 оны сонгуулийн өмнө парламентийн бус намуудыг нэгтгэн хэзээ ч байгаагүй том эвсэл болохыг зорьж байгаа гэсэн шум байна. Мөнхийн өрсөлдөгчид байсан “Буян” Жагаа, Үнэн ба худал намын Отгонбаатар, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Төмөрсүх нартай Х.Баттулга эвсэл болно гэсэн үг. Ингэж гэмээнэ 2004-2008 онд байгуулагдаж байсан Их эвслийн Засгийн газар бүрдэнэ гэж тооцож байгаа бололтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.