Хятадын хөл хорионд орсон хотуудад хүнсний хомстол үүсээд байна
Хятадын "Тэг-Ковид" бодлогын хүрээнд дор хаяж 30 бүс нутгийн хэдэн арван сая хүн хэсэгчилсэн болон бүрэн хөл хорионд ороод байгаа билээ. Тэгвэл хязгаарлалт тогтоосон хотуудын оршин суугчид хоол хүнс, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомстолд ороод байна.
Тус улсын эрх баригчид ирэх аравдугаар сард болох Коммунист намын их хурлын өмнө цар тахлын дотоодын дэгдэлтийг зогсоохоор зорьж байгаа бөгөөд "Тэг-Ковид" бодлогын дагуу халдварын цөөхөн тохиолдол бүртгэгдсэн ч чанга хатуу хөл хориог хэрэгжүүлж байгаа юм. Хятад даяар өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын 949 шинэ тохиолдол батлагджээ.
Гэвч энэхүү арга хэмжээ нь тус улсын эдийн засгийн өсөлтийг боомилж байгаа гэх шүүмжлэлийг дагуулахаас гадна иргэдийн зүгээс их хэмжээний эсэргүүцлийг өдөөгөөд байна. Баруун Шинжаан дахь хатуу хөл хорионы улмаас цөхрөнгөө барсан иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан тусламж хүсэж байгаа бөгөөд нэгэн оршин суугч "15 хоног өнгөрч, гурил, будаа, өндөг дууссан. Хэд хоногийн өмнөөс хүүхдийн сүү дууссан" гэж бичжээ.

Мөн Шинжаан хэсгийн Инин хотын 300 гаруй оршин суугч хоол хүнс, эм тариа, ариун цэврийн хэрэглэл авах яаралтай хүсэлтийг нийтэлсэн байна. Харин Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотын нэг хэсэгт урьдчилсан сануулгагүйгээр хөл хорьж, орон сууцуудын цахилгаан шатны үйл ажиллагааг зогсоосон тул 500 мянган оршин суугч ямар ч бэлтгэлгүйгээр гэртээ гацсан аж. Энэ талаар нэг иргэн "Дэлгүүрүүд хаалттай ч хүргэлтийн үйлчилгээ байхгүй тул бид цахимаар бараа худалдаж авах боломжгүй байна. Засгийн газар бидэнтэй мал амьтан шиг харьцаж байна уу, эсвэл биднийг үхэг гээд хаясан уу?" хэмээснийг "The Guardian" сонин мэдээлсэн юм.
Түүнчлэн Сычуань мужийн төв Чэнду хотын 21 сая оршин суугчийг заавал шинжилгээ өгснийхөө дараа "Сөрөг" хариугаа харуулж, дэлгүүр орохыг зөвшөөрч байгаа ба тус хот руу орох, гарах хөдөлгөөнийг хориглоод байна. Ноцтой халууны давлагаанд өртөөд байсан тус бүс нутагт энэ сарын эхээр болсон газар хөдлөлтийн үеэр иргэд аюулгүй газар руу зугтахыг оролдсон ч орон сууцуудын гарц түгжээтэй байсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл албаныхан өнөөдрөөс /2022.09.12/ эхлэн хотын таван бүсэд хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.