?LIVE: МОХС-ийн захирал Ж.Соронзон: Миний ажлыг авах эсэхийг ОХУ-ын оролцоотой шийднэ
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон сүүлийн үед өрнөөд байгаа асуудлуудад тайлбар өглөө.
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон:
-Манай сургуульд элсэн орохдоо 16 сая төгрөгийн хахуульд өгдөг гэх мэдээллийг сэтгүүлч С.Будрагчаа гаргаж тавьсан. Энэ нь ямар ч ор үндэслэлгүй бөгөөд бэлэн мөнгө төгрөг авч хүүхэд элсүүлдэг асуудал огт байхгүй. Манай сургууль хамгийн их эрэлт хэрэгцээ өндөртэй гэдэг нь үнэн. Удирдах зөвлөлийн шийдвэрээр 6 сая төгрөгийн сургалтын төлбөрт авдаг. Нэмэлт элсэлтийг 4,5 сая төгрөгөөр авдаг. Энэ ажил 30 жил ямар нэгэн асуудалгүй явж ирсэн. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шалгалтын материалыг үзэх бүрэн боломжтой. Сургалтын төлбөрийг дансанд шилжүүлдэг, бүх бичиг баримтууд нь энд байна. Сэтгүүлчид та бүхэн бүгдийг харж болно.
9-р сарын нэгний өдөр С.Будрагчаа манай сургууль дээр ирж бидний хичээлийн шинэ жилийг үймүүлсэн. Хахууль авсан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байгаа. Манай хоёр орос багш руу цэвэр орос хэлтэй хүн холбогдоод хахууль өгөх асуудал мөн ярьсан байна лээ. Тэр хоёр багш маань Консулын газар болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Янз бүрийн байдлаар миний болон сургуулийн нэр хүндэд халдах асуудал хэрээс хэтэрч байна. Би энэ хахуулийн асуудлаар өөрөө АТГ-т хандчихаад байна.
ОХУ, Монгол улсын Засгийн газрын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан олон улсын гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг сургууль. ОХУ, Буриад, Монгол гурван Боловсролын яам гэрээ байгуулаад Улаанбаатарт энэ сургуулийг байгуулсан. Хичээлийн байр, багш нарын байр бүгд Оросын өмч. Үйл ажиллагааны 90 хувь нь ОХУ-ын Буриадын Боловсролын яамтай холбоотой. Программ, стандарт оросынх, 238 орос багш ажиллаж байна. Иймд захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг Удирдах зөвлөл шийднэ. Гэхдээ энэ асуудлыг Оросын талтай зөвшилцөнө гээд заачихсан байгаа. Мэдээж би цаг нь болохоор тэтгэвэртээ гарна. Би тэтгэвэрт гарахдаа шантааж сэтгүүлчээр нэр хүндээ гутаалгаж хөөгдөж гармааргүй байна.
н.Мөнх-Эрдэнэ гэх үйлчлэгч манай сургуульд 22 жилийн турш ажиллаж байгаа. Өчигдөр 14 цагаас эмчээс чөлөө аваад явсан ч багшийн дээдийн тэнд гэнэт бие муудаад Гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаа. Надад тэр хүний биед халдсан зүйл байхгүй. Би өрөөндөө хэнийг ч зодож байгаагүй. Манай сургууль гадаадын олон орны багш нар ажилладаг. Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой хүмүүс ажилладаг газар шүү дээ. Зарим нэг сэтгүүлчид буруу ташаа мэдээлэл түгээж шатааж хийж гүтгэж байгаа нь хэрээс хэтэрч байна. Одоо энэ талаар би ерөнхийлөгчид ханддаг юм уу гэж бодож байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.