МОХС-ийн эмч тайлбар гаргаж, сэтгүүлч С.Будрагчаагийн мэдээллийг үгүйсгэлээ
Сэтгүүлч С.Будрагчаа өнөөдөр өөрийн цахим хуудастаа МОХС-ийн захирал Ж.Соронзон ажилтнаа зодсон гэх мэдээллийг гаргав.
Тэрбээр, МОХС-ийн захирал Ж.Соронзон өчигдөр 12:00 цагийн үед Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ. Ч.Мөнх-Эрдэнэ гуай Ж.Соронзонд зодуулсан тухайгаа ажлынхаа нэг хүнд хэлчихээд сургуулиасаа гарч яваад гудамжинд цус харван унасан тухай тус сургуулийн ажилтнууд надад мэдээллээ. Одоо түүний бие маш хүнд, гуравдугаар эмнэлгийн сэхээнд байгаа тухай хэллээ. Ч.Мөнх-Эрдэнэ гуай 55 настай, тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж байсан бөгөөд ганц охиныхоо хамт амьдардаг ядарсан нэгэн байж. МОХС-ийн ажилчин хэлэхдээ "Ж.Соронзон захирал сүүлийн үед би заавал цус үзэж байж энэ сургуулиас явна гэж хашхичдаг болсон. Тэгээд нэг ядарсан үйлчлэгчийг ийм байдалтай болгочихлоо" гэж бичжээ.
Тэгвэл энэ мэдээллийг үгүйсгэж МОХС-ийн эмч н.Байгалмаа тус сургуулийн албан ёсны цахим хуудаст дараах мэдээллийг гаргажээ.
Тэрбээр, Манай ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ нь олон жил тус сургуульд ажилласан. Даралт нь тогтмол 140-өөс дээш явдаг, үргэлж эмчид үзүүлж, тогтмол даралтны эм уудаг байсан. Есдүгээр сарын 05-ны өдөр буюу өчигдөр "Банк ороод ирнэ" гээд чөлөө аваад явсан.
Гэтэл 15:00 цагийн үед Гуравдугаар эмнэлгээс сургуулийн санхүүгийн суурин утас руу 9991-7079 дугаараас залгаж “Ч.Мөнх-Эрдэнэ гэх хүн танайд ажилладаг уу? Ар гэрийнхэнтэй нь холбогдож, дуудуулах хэрэгтэй байна. Багшийн дээдийн тэнд ухаан алдаж унасан байсан байна. Манайд түргэнээр ирсэн. Яаралтай хэрэгтэй зүйлс болох дэвсдэг памперс, өмсдөг памперс нойтон салфетка хэрэгтэй” гэж хэлсэн.
Ингээд охинд нь мэдэгдэж, хэрэгтэй зүйлсийг бэлдэж, эмнэлэгт авч очсон. Мөн захиралдаа мэдэгдсэн. Захирал Ж.Соронзон тэндэхийн эмч эцэг, эхэд хэлж эрчимтэд оруулсан, охин нь ирээд сахиж байгаа. Захирал тэгж хүн зоддог хүн биш. Бид Ж.Соронзон захиралтай 20 гаруй жил хамт ажиллаж байна. Шаардлага өндөртэй боловч хэзээ ч хүн зодож байгаагүй шүү! Тийм ёс суртахуунгүй хүн биш хэмээн бичжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.