“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийг Ерөнхий сайд "таалсангүй"
Засгийн газрын өнөөдрийн /2022.09.05/ ээлжит хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгажээ.
Монгол Улсын экспортын гол гарц болох нүүрс тээврийн Гашуун сухайт автозамыг хариуцдаг, үндэсний баялгийн санг бий болгохоор ажиллаж буй төрийн өмчит хамгийн том компани бол “Эрдэнэс Монгол” ХХК. Гэвч тус компани удирдлагын менежментгүй компани болох нь тус байгууллагын удирдлагуудын бүтэлгүй түүхээс харагддаг.
2020 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон ч тэрбээр авлигын хэрэгт холбогдож, албан өрөөнд нь гэнэтийн шалгалт хийж байсан цаг саяхан. Тэрбээр өөрөө хэргээ хялбаршуулан шийдвэрлэх хүсэлт гаргасан ч үйлдсэн хэргээ "хүлээн зөвшөөрсөн" гэсэн үг. Иймдээ ч тэрбээр төрийн ажлаа хүлээлгэн өгчээ.
Түүний өмнө ажиллаж байсан Б.Энэбиш, Б.Бямбасайхан мөн л авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төдийгүй "аавын хаалга" татаж, хил даван "зугтах" зэргээр муу нэртэй үлдэцгээсэн улс.
Одоогоор тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан гэх бүсгүй ажиллаж байна. Тэрбээр Д.Хаянхярваа захирлын үед Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд ердөө дөрөвхөн сарын дараа үүрэг гүйцэтгэгч болсон.
Гэтэл өнгөрөгч наймдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ яаралтай хуралдаан зарлаж, гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилох шийдвэрийг гаргажээ. Р.Баясгалан нь Лондонд төвтэй "Олон улсын бие даасан баялгийн сан"-ийн форумын ахлах менежерээр ажиллаж байгаа бөгөөд Монгол дахь томилгоотой холбоотойгоор удахгүй эх орондоо ирнэ гэх мэдээлэл зарим хэвлэлд дурдагдсан удаатай.
Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн ТУЗ-ийн энэхүү томилгоог "таалаагүй" бөгөөд өөр хүн томилуулах саналтай байгаагаа сайд нартаа дуулгажээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг үүрэгдсэн бололтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.