Владимир Зеленский: "ОХУ европчуудын хэвийн амьдралыг устгахыг хүсэж байна"
ОХУ Европын иргэн бүрийн хэвийн амьдралыг устгахыг хүсэж байгаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский анхааруулжээ.
Ноён Зеленский өнгөрөгч бямба гарагт хийсэн ээлжит мэдэгдлийнхээ үеэр "Орос улс пуужингаар довтолж чадахгүй газар нутагтаа ядуурал, улс төрийн эмх замбараагүй байдлаар халдахыг оролдож байна. Тус улсын зүгээс энэ өвөл бүх европчуудын эсрэг эрчим хүчний томоохон дайралт хийхээр бэлтгэж байна. Европын орнуудын эв нэгдэл л үүнээс хамгаалж чадна" гэсэн юм.
Оросын төрийн өмчит "Газпром" эрчим хүчний компани "Хойд урсгал 1" байгалийн хийн хоолойн үйл ажиллагааг засварын ажлын улмаас ойролцоогоор гурав хоногийн турш зогсоохоо зарласан ч төлөвлөснийхөө дагуу эргэн нээх боломжгүй болсноо өнгөрөгч амралтын өдөр мэдэгдсэн билээ. Украин дахь мөргөлдөөний үеэр ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ ашиглан Европыг "сүрдүүлж" байгаа гэж тус тивийн эрх баригчид буруутгаж байгаа бол Москва үүнийг эрс үгүйсгэсэн юм.
Украин дахь хурцадмал нөхцөл байдал энэ оны хоёрдугаар сард эхэлснээс хойш эрчим хүчний үнэ огцом өссөн бөгөөд нийлүүлэлтийн хомстол нь үнийг улам өсгөж болзошгүй байна. Европын Холбооны гишүүн орнуудын өрхүүд энэ өвөл халаалтын зардлаа даахгүй байх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байгаа ба тив даяарх Засгийн газрууд уг хямралыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авахаа хэлэлцсээр байна.
Оросын нийлүүлэлт тасалдсаны улмаас хамгийн их хохирол амссан орнуудын нэг болох ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц ОХУ-ыг эрчим хүчний найдвартай түнш байхаа больсныг мэдэгдэн, 65 тэрбум еврогийн тусламжийн багцыг зарлаад байгаа юм.

Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.