Тайландын Шадар сайд /2022.09.05-07/ манай улсад айлчилна
Ойрын өдрүүдэд манай улс гадаадын зочид ихтэй байлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит манай улсад айлчилж, өнөөдөр эх орондоо буцаж байна.
Түүнтэй зөрж Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр манай улсад гурав хоног саатах юм.
Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал. Манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна.
Хамтарсан хорооны анхдугаар уулзалтыг зохион байгуулж, УИХ-ын Дарга Г.Занданшатар Тайландын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзах юм.
Түүнчлэн Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит дагалдан ирэх тайландын бизнесийн төлөөлөгчид Монголын холбогдох бизнесийн төлөөлөлтэй уулзана гэж ГХЯ-наас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.