БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Манай улс хуурамч магистр, докторуудтай улс болсон
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгоно хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Их дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Тэр докторын зэрэг нь үнэн байх ёстой. Үүнд ямар нэгэн плагиаризм байх ёсгүй. манай оюуны хулгай дэндүү их нүүрэлсэн байна. Оюуны хулгай нүүрэлсэн, хуурамч шинжлэх ухаантай, бие биенээ хуурч амьдардаг улс орон байх ёсгүй.
Өнгөрсөн хугацаанд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтанд оруулна. Ингэж байж бид их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгох ёстой.
Манай өнөөдрийн академик тогтолцоо маш буруу тогтолцоо. Энэ тогтолцоог бид шинэчлэх ёстой. Энэ тогтолцоо бол цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг. Бид айгаад өлбөгөр, дорой байж болохгүй. Өнөөдрийн энэ академик тогтолцоо бол Орос, Хятад улсад л байгаа социализмын үеийн тогтолцоо явж байгаа.
Тийм учраас шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их дээд сургуультай хамтарсан хэлбэрээр хөгжүүлнэ. Сургалт, судалгаа, үйлдвэржилтийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Ер нь шинжлэх ухааны хүрээлэнгүүд их дээд сургуулийнхаа харьяанд байх ёстой гэж боддог. Бид үүнийг АШУҮИС дээр хэрэгжүүлсэн.
Өнөөдөр их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан. Тэгэхээр энэ 33 хүрээлэн их дээд сургуулийнхаа харьяанд очих ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа технологи, инноваци, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг ийм л дээд боловсролын тогтолцоонд бид шилжих ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.