Л.Энх-Амгалан: Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" арга хэмжээний дагуу Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүд бүртгүүлсэн хүүхдүүдээ 100 хувь хуваарилж дууслаа.

Тун удахгүй Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн хуваарь дуусна. Хан-Уул дүүргийн хуваарь 90 хувьтай явж байна. Цахимаар бүртгүүлсэн 115 мянган хүүхэд цэцэрлэгтэй болоод байна.

Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх аравдугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгнө.

Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авилга өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдсэн гэдгийг шууд хэлье ээ.

Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах амлалтыг бодит ажил болгоход зоримог шийдэл гаргасан УИХ, ЗГ- ын эрхэм гишүүддээ, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодын засаг дарга, сэтгэл гаргаж хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Цэцэрлэгтэй Монголын үрс мянга мянга болох болтугай" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.