Их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа

Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ багт Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ багт А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ.

300500451 1838630519815858 668419307608131962 n

Амжилт байгуулсан баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан шагнал гардууллаа. Энэ үеэр дасгалжуулагч С.Ган-Од, Д.Батсүрэн, тамирчин Б.Гүндаваа, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагнаж урамшуулав.

300951520 1838630359815874 8868381244124687702 n

Мөн их мастерын болзол биелүүлсэн Т.Мөнхзулыг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал (30 сая төгрөг)-ын батламж гардууллаа. 

Монголын шатарчдын энэ тэмцээнд үзүүлсэн онцгой амжилтыг дурдвал, дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн бол Т.Мөнхзул их мастерын болзол хангасан. Тус тэмцээний шилдэг 20 шатарчны тоонд манай улсын гурван тамирчин багтсан нь бахдууштай амжилт болсон. Мөн нийлбэр дүнгээр шилдэг 30 холбоог нэрлэхэд Монголын шатрын холбоо 24 дүгээр байр эзэлсэн нь онцлууштай.

Нэмж мэдээлэхэд Г.Амартүвшин Б.Мөнгөнзул нар Олон улсын мастер цолны болзол хангаж, Б.Нямдаваа Олон улсын шүүгчийн болзол биелүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.