СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 39 зөвлөмжийг хэрэгжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

“Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт” Малайз Улсын Куала Лумпур хотод 2022 оны долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд болж байна.

Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар болон Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газрын төлөөлөл Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.

Энэ хүрээнд ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж олон улсын стандарт шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. ФАТФ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой эрх зүйн орчныг бүрдүүлэх, инновацийг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аас батлуулсан.

Улмаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийг анхааруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

ФАТФ-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ын үнэлгээг ахиулах чиглэлээр Ази номхон далайн бүлэгт Монгол Улсын Явцын тайланг тодруулгын хамт тухай бүр хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажилласан. Өчигдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын Явцын тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, батлав. Хуралдаанаар “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан ФАТФ-ын Зөвлөмж 15-ыг “дийлэнхийг хэрэгжүүлсэн” болгож үнэлгээг амжилттай ахиулав.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн талаар Монгол Улсын туршлагыг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудад хуваалцаж илтгэл тавьж оролцож байна. Монгол Улсын багийг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Дэд дарга Иан Маккартни хүлээн авч уулзан, цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн олон улсын донор байгууллагуудтай уулзалт хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Хурлын үеэр Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас Камбож болон Тимор Лесте улсын Санхүүгийн мэдээллийн албадтай мэдээлэл солилцож хамтран ажиллах хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.