СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-07

“Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапурын туршлагыг судалж, хамтарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Темасек олон улсын санд зочилж, Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар үр бүтээлтэй санал солилцсон. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар Сингапур Улсад Засгийн газрын тэргүүний хувиар айлчилж байгаагаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг  нутагшуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Сингапурын хуримтлалын сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбар, чиглэлд Сингапур Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байна.

Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар энэ онд багтаан олон нийтийн хяналтад оруулах, нээлттэй компани болгохоор Засгийн газрын шийдвэрлэсэн. IPO, менежментийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулан олон улсын жишигт нийцүүлэх, танай толгой компани болох Темасек Холдингийн туршлагыг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг Английн хуулийн жишгээр бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналаа хэллээ.

Монгол Улсын баялгийн санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байна. Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай улс орон бүр байгалийн баялгаас олсон ашиг орлогоо зөв зохистой хуваарилах, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө зарцуулахаас гадна хуримтлал үүсгэх, өсгөх хэлбэрээр ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулахыг эрмэлзэж байна. Энэ чиглэлд Сингапур Улсын арвин туршлагыг судалж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Темасек олон улсын санд Монгол Улстай 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.