Н.Энхбат агсны талаас шүүх хурлын зарим хэсгийг хаалттай хэлэлцэх санал гаргалаа
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцож байна. Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалан явуулж байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэг оролцож байгаа юм. Шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан хэдий ч хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргаж улмаар шүүх бүрэлдэхүүн нээлттэй байдлаар үргэлжлүүлж байсан юм. Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров “Өнөөдрийн шүүх хуралдаанд би “Хэргийн зүйлчлэл тохироогүй” тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2,1-т заасан хэргээр зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж, энэ байр суурийг хамгаалж оролцоно.Энэ хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11,1-2 дэх хэсгийн 2,4-т зааснаар хөнгөн гэж зүйлчлүүлэх.10,1-2,1-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхгүй талаарх үндэслэлийг тодорхой баримт, хуулийн үндэслэл уншиж, мэтгэлцэнэ” гэв. Ийнхүү Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй үргэлжилж байсан ч улсын начин Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Б.Баасанжаргал шүүх хурлын зарим хэсгийг хаалттай хэлэлцэх санал гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн энэ саналыг хэлэлцэн, тодорхой шийдвэр гаргатал түр завсарлалаа.
Эргэн сануулахад Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.