? ЭМЯ: Тулай өвчнөөр эмэгтэй хүн ховор өвддөг
Тулай өвчний эхний шинж тэмдэг нь хөлийн эрхийн хурууны үеэр хавдаж, хүчтэй өвдөлт мэдрэгддэг байна. Эдгэрдэг өвчин учир эмчилгээгээ тасралтгүй хийлгэж, гурван жилийн хугацаанд хяналтад байх хэрэгтэй гэж УХТЭ-ийн хэрх судлалын их эмч, АУ-ны магистр Б.Өнөрцэцэг зөвлөж байна.
УХТЭ-ийн хэрх судлалын их эмч, АУ-ны магистр Б.Өнөрцэцэг:
-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сүүлийн жилүүдэд эрс дээшилсэн. Системийн өвчний үед шалтгаан тодорхойгүй халуурах, богино хугацаанд турах, ядрах, үс унах, арьсаар тууралт гарах, нарны гэрэлд мэдрэг болох, үе булчингаар өвдөх, нүд ам хуурайших, амны салстаар тууралт гарах зэрэг олон шинж тэмдэг илдэрдэг. Энэ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, оношоо тодорхойлж, эмчилгээ цаг алдалгүй хийлгэх шаардлагатай. Системийн өвчний үед хүний нүд аргаад, ам хуурайшаад яваад байдаг. Үүнийг үл ойшоож болохгүй юм.
Амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг, сүүлийн жилүүдэд тохиолдол нь эрс нэмэгдэж байгаа өвчний нэг нь тулай юм. Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг. Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг. Гэтэл дээр дурдсан шалтгааны улмаас биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чаддаггүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралдана. Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил хуралдана. Өвдөлт нь дуу алдаж, хаширмаар тэсэхийн аргагүй байдаг бөгөөд ихэнхдээ эрэгтэйчүүд энэ өвчнөөр өвддөг.
Хамгийн түрүүнд чанд хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Пуринээр баялаг дараах бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд, архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе. Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ.
Тулай өвчин эдгэрдэг өвчин учир эмчилгээгээ тасралтгүй хийлгэж, гурван жилийн хугацаанд хяналтад байх хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.