БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ
Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх 6 дугаар сарын 1-нээс богино хугацааны аяллын виз болон цахим визийг олгож эхэлнэ гэж өнөөдөр /2022.05.19/ мэдэгджээ.
Тус улс нь цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоож, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд жуулчдыг хүлээж аваагүй билээ. Тэгвэл БНСУ-ын эрх баригчид одоо коронавирусийн бараг бүх хязгаарлалтыг цуцалсан бөгөөд дотоодын хэрэглээг нэмэгдүүлж, холбогдох салбаруудыг идэвхжүүлэх зорилгоор гадаадын жуулчдыг татна гэж Хууль зүйн яамнаас нь мэдэгдсэн байна.
Богино хугацааны "С-3" визний хүрээнд гадаадын иргэд аялал жуулчлал, дамжин өнгөрөх, хамаатан садандаа зочлох болон ижил төстэй шалтгаанаар тус улсад нэвтэрч, 90 хүртэлх хоног байх боломжтой юм. Энэхүү визийг сүүлийн хоёр жилийн хугацаанд зөвхөн дипломат харилцаа, Засгийн газрын үйл хэрэг болон бусад төрлийн хүмүүнлэгийн зорилгоор олгож байсан. Харин цахим визийг онцгой авьяастай гадаадын иргэд, эсвэл бүлэг жуулчдад олгох аж.
Эх сурвалж: Yonhap News Agency
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.