СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-05-16

Цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Цээноров

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Шилдэг офицер нээрээ шилдэг л байдаг юм байна. Үүнийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ажиллагааны офицер, цэрэгжлийн спортын мастер, ахмад Б.Цээноровын жишээнээс харав.

Зэвсэгт хүчний 2021 оны “Тэргүүний офицер”-оор шалгарсан энэ залуу он гарсаар цэрэгжилтийн спортын цөөнгүй тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медалийг өнгө өнгөөр нь хүртэж, үеийнхнээсээ тэргүүлэгч гэдгээ дахиад л нотлов.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд нэг сар болохдоо Зэвсэгт хүчний 2022 оны аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний “Батальоны захирагч”-ийн төрөлд алтан медаль, Цэрэгжлийн дөрвөн төрөлтийн аварга шалгаруулах тэмцээнд “Биатлон”-ы төрөлд хосоор болон багаар алт, хүрэл медаль, “Гар бууны тогтоол буудлага”-ын төрөлд хүрэл медаль хүртэж, дөрвөн удаа медалийн тавцанд зогсоод байна. Одоо ч гэсэн зогсох зорилго, тэмүүлэлтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээнд Тусгай хүчний цэргийн командлалын ротыг ахлан оролцож байгаа ажээ.

Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээнд сонсогчоосоо хойш 10 гаруй жил оролцсон түүнд хичээллэхгүй ч цэрэгжлийн спорт гэж үгүй аж. Саадын зурвас, мэргэн буудагчийн хоёр төрөлт, цэрэгжлийн буудлага, цанын гурван төрөлт гээд нэлээдгүй төрлөөр зэрэг хичээллэж, одоогоор 19 медаль хүртсэн байна. Дээрээс нь цэргийнхний олимпод ангийнхаа салаа, Тусгай хүчний цэргийн командлалын ротыг ахлан оролцож авсан медалиуд ч нь их санж. 2021 онд “Олон улсын цэргийн наадам”-ын “Аравт” морин цэргийн олон улсын уралдаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчдыг ахлан оролцож, хоёрдугаар байр эзэлсэн.

Уншигч та бүхэн санаж байгаа бол 2020 онд БНӨСУ-д орон нутгийн зэвсэглэсэн этгээдүүд хүмүүнлэгийн ажилтныг барьцаалахад нь Монголын энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, цэрэг хүний эр зоригоороо суллаж авсан тухай хэвлэлээр хэсэгтээ шуугьсан даа. Тэрхүү арга хэмжээг бас л ахмад Б.Цээноров тэргүүтэй монгол цэргүүд гүйцэтгэж, НҮБ-аас талархал хүртэж байсан цаг саяхан. Энэ мэтчилэн албандаа ч тэр, цэрэгжлийн спорт уралдаанд ч тэр тэргүүлж яваа офицерыг товчхон онцлоход ийм. Зэвсэгт хүчинд ахмад Б.Цээноров шиг мэдлэг чадвартай олон мянган залуус бий. Ингэж бодохоор Зэвсэгт хүчний ирээдүй улам гэрэлтэй харагдаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.