УБЕГ: Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр биш гэж үзсэн
Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас (УБЕГ)-аас иргэний баримт бичгийг устгадаг гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах:
Нийгмийн сүлжээнд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор мэдээлэл хийе. Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангаас мэдээлэл устгах боломжгүй. Тухайн иргэнтэй холбоотой түүх цахим мэдээллийн сан, иргэний бүртгэлийн архивд хадгалагддаг. Тэгэхээр хувийн мэдээлэл улсын бүртгэлийн сангаас устгагдах боломжгүй гэдгийг албан ёсоор хэлье. Улсын бүртгэлийн санд төрийн тусгай байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг.
Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэгддэг. Харин гэрлэлт дуусгавар болсон бүртгэлд дөрөв орчим мянга бүртгэгдэж байна.
Мэдээллийг нь өөрчилсөн гэх иргэдтэй холбоотой мэдээлэл өгөхөд бага зэрэг төвөгтэй байна. Учир нь эдгээр иргэдийн мэдээлэл хязгаартай бүлэгт хамаарагдаж байгаа. Гэхдээ цахим орчинд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан, ташаа мэдээлэл яваад байгаа учир товч мэдээлэл өгөх нь зүй гэж үзсэн. Тэд 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг юм билээ. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан. Ингэхдээ "Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй" гэж мэдүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийн хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн гэв.
Гэрлэлтээ батлуулахдаа хоёр иргэн тус тусдаа өргөдөл бичиж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх зэргийг улсын байцаагч шалган гэрчийн хамт гэрлэлтийг бүртгэдэг. Тухайн иргэний хувьд өөрийн биеэр байгаагүй гэх үндэслэлээр гэрлэлтийг хууль бус гэж үзсэн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.