"Гавлуулж, буу тулгуулсан" гэх охины ээж худал ярьсан уу

"Цагдаагийн алба хаагч 13 настай охиныг гавтай хонуулж, биед нь халдсан" гэх мэдээллийг ар гэрийнхэн нь хийсэн билээ. Уг асуудлын мөрөөр Ховд.мн сайтын сэтгүүлч хэрэг гарсан гэх Ховд аймгийн Дарви суманд ажиллаж тал талын байр суурийг хүргэсэн. Хэргийн талаар ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: 

-Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, 13 настай охиныг гавлаж, 24 цаг хорьж саатуулсан гэх мэдээлэл Ховд.мн сайтад гарсан. Энэ дагуу аймгаас цагдаа, прокурор, АТГ-ын төлөөлөч бүхий ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гавлаж, 24 цаг саатуулсан гэдэг мэдээлэл тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.

Охины ээж Одончимэг: 

-Би 6-13 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Нөхөр маань өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нас барсан. Тухайн өдөр хүүхдүүдээ гэртээ орхиод ажилдаа явсан хойгуур гэрт сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар эхнэрийн хамт ирж, гурван хүүхдийг минь машинд суулгаж аваад явсан. Миний ажил дээр ирж "Хүүхдийг чинь дугуй хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа учраас авч явна" гэсэн. Хоёр багыг буцаагаад том охиныг цагдаагийн хэсэгтээ оруулж гавлаад харанхуй өрөөнд хонуулсан. Энэ хооронд охиныг хана мөргүүлж, гэдсэнд нь буу тулган айлгаж, алгадаж, ээмгийг нь хугалан, хоолойноос нь дээш өргөн айлгаж “Гарыг чинь тайрна шүү” гэж айлан сүрдүүлсэн. Би охиноосоо асуухад дугуйг нь аваагүй гэсэн. Маргааш өглөө нь охиноо авах гээд очиход гавтай гаргаж ирсэн. "П... минь гавыг чинь тайлаадахъя" гэж дуудсан. Тэр үг их сонин байна. Танай охин хэргээ хүлээсэн, хүүхдийн колонид явуулна энэ тэр гээд байсан. Одоо охин маргааш хичээлдээ явахгүй, хүүхдүүд шоолно гэж байна. Сэтгэл санаа нь маш хүнд байна гэлээ.

Охин:

-Хоёр цагдаа намайг авч явсан. Очоод харанхуй өрөөнд хийгээд гавласан. Гарыг чинь зүснэ гээд байсан. Гэдэс рүү буу тулгасан, том буу байсан. Ээмэг хугартал цохисон. Хана мөргүүлсэн гэлээ.

Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар

мөнхба (1)

-Би цагдаагийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байна. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргаагүй. Бууг сумын цагдаа нарт өгдөггүй. Хэрэв би ийм байдал гаргасан бол өөрөө ажлаа өгөөд шалгуулна. Миний дугуй 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр алга болсон. Гэрчийн хэлснээр уг охин дугуйг маань унаж явсан гэсэн тул маргааш нь иргэн хүний хувиар гэрт нь очсон. Нэгдүгээр ангийн нэг охин байсан тул ээж дээр нь аваачиж өгөх гээд авч явж байтал 13 настай эгч нь таарсан. Хамт авч яваад цагдаагийн хэлтэс дээрээ авчирч нэг цаг гаруй болгоод буцаасан. Албаны шалгалт явагдаж байгаа. Тогтоогдох байх гэлээ.

Ховд аймаг дахь цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Булганбаатар:

цагдаа (1)

-Хэргийн мэдээлэл энэ сарын 14-ний өдөр ирсэн. Албаны шалгалт хийгдэж байна. УЕП-оос чиглэл өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас Дарви суманд аймгийн орлогч прокуророор ахуулсан АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. 102 утас руу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр уг охины ээж хэргийг талаар мэдэгдсэн. "Манай хүүхдийг хэл амаар доромжилж, хэрэгт холбоод байна" гэх мэдээллийг анхлан өгсөн. Хүүхдийн асуудал яригдсан учраас сумын хамтарсан баг ажилла гэсэн үүрэг өгсөн. Сумын баг охиныг дуудаж шалгалт хийсэн. Б.Мөнхбаатар сургууль төгсөж ирээд тус суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Сумаасаа гэр бүлтэй болсон. Согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, тамхи ч татдаггүй, спортоор хичээллэдэг, төлөв даруу албан хаагч. Ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүй гэж сумын иргэд ч хэлж байсан. Өмнө нь албан хаагчийн сахилга ёс зүйтэй холбоотой ямар нэг хариуцлага тооцогдож байгаагүй гэв.

Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа

баярт (1)

“Дарви сумын хүүхэд хамгааллын баг хагас сайн өдөр /2022.04.16/ манайд мэдээлсэн. Сумын хамтарсан баг анхан шатны нөхцөл байдлын үнэлгээ хийгээд саналаа манайд танилцуулдаг. Өнөөдөр өглөө үнэлгээг хүлээн аваад хариу арга хэмжээ авч байна. Аймгийн засаг даргаар ахлуулсан “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-оор авч хэлэлцлээ. Одоогийн байдлаар хууль ёсны төлөөлөгч томилж Дарви сум руу явууллаа. Үргэлжлүүлэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. Мөн сэтгэл зүй гэх мэт бусад төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Нөхцөл байдал хэр бодитой байсныг эхний ээлжинд тогтооно. Хамтарсан багийн дүгнэлтээр гар нь хавдсан, ил шарх сорвины толбо байсан гэх мэт. Өчигдрийн байдлаар хүүхэд хамгааллын түр байрандаа уг охиныг авахаар саналаа хэлж, ээжтэй нь тохирсон. Аймгаас ажлын хэсэг суманд ажиллаж хэргийг шалгаж байх явцад охиныг байранд авчрах боломжгүй байгаа. Шалгалтын дараа шийдэх байх. Ямар ч тохиолдолд хичээлээс нь хоцроохгүй” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.