Урд хил энэ онд нээгдэхгүй байх өндөр магадлалтай болчихлоо
УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн рүү чиглэсэн, валютын өсөлттэй хэсэг дээр монголчууд “акцент” өгөөд, урд хилтэй холбоотой зүйлийг нь анзаарсангүй орхигдуулжээ.
Урд хил 2022 онд нээгдэхгүй байх өндөр магадлалтай гэдгийг 2021 оны аравдугаар сард хэлж байснаа сая дахин сануулсан байх юм.
Гишүүний ярьсныг бүрэн эхээр нь сийрүүлбэл,
-2022 онд манай улсад тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт. Нийлүүлэлттэй холбоотойгоор хүнс, шатахуун, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн гээд бүх зүйл өсөлттэй байна. Урд хил амархан нээгдчих юм шиг бодоод хэрэггүй. “Урд хил 2022 онд нээгдэхгүй байх өндөр магадлалтай шүү” гэж би 2021 оны 10 дугаар сард хэлж байсан. Одоо бүр Украинд болж байгаа дайнтай холбоотойгоор ард талдаа амаргүй болчихлоо. Та бүхэн “Энэ жилдээ бүх зүйл сайхан болчихно” гэж бодож байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Энэ байдал 2023 онд ч үргэлжилнэ гэж хэлжээ.
Ковидын дельта хувилбар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор 2021 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ хилээ хаасан. 2022 оны эхэнд Хятадын цагаан сар, Бээжин-2022 олимп, залгуулаад паралимп зохион байгуулагдсан. “Олимп дуустал урд хил нээгдэхгүй” гэсэн явган яриа оны өмнө гарсан нь дээрх үйл явдлуудтай холбоотой. ХКН-ын “Тэг Ковид” бодлогын хүрээнд урд хөрш маань хилээ хаасан нь тус улсаас импортын 70 орчим хувиа авдаг манай улсын хүнс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүнд цохилт өгч, инфляц 15 хувь руу хурдалж, бараа, үйлчилгээний үнэ эрс нэмэгдээд байгаа билээ. Энэ байдал 2022 онд үргэлжлэх эсэх нь урд хил нээгдэхтэй шууд холбоотой болоод байгаа юм.
Бидэнд олдсон мэдээллээр 2022 онд урд хил нээгдэхгүй байх өндөр магадлалтай болжээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын үг ч үүнийг баталж байна. Учир нь урд хөршид маань түүхэн, томоохон их хурал болох гэж байгаа юм байна.
“ХКН-ын 20-р их хурлыг 2022 оны сүүлчийн хагаст Бээжин хотноо хуралдуулахаар болсон ба төлөөлөгчдийг сонгох ажил 2022 оны 6 дугаар сарын сүүлчээр өндөрлөнө” хэмээн cctv.com мэдээлжээ. Наймдугаар сард хуралдах товтой энэхүү их хуралд оролцох 2300 төлөөлөгч дундаас Төв хорооны шинэ гишүүд, ХКН-ын шинэ удирдлага бүрдэх юм байна. Мөн, Ши Жиньпин насан туршдаа БНХАУ-ын дарга байх эсэх нь энэ хурлаар шийдэгдэх тул дотоодын улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа гэсэн албан бус эх сурвалжийн мэдээ байна. Өөрөөр хэлбэл, их хурлын өмнө дотоодод дэгдсэн ковидыг дарах нь БНХАУ-ын удирдлагуудын нэн тэргүүний зорилт болсон тул 2022 онд урд хил маань нээгдэхгүй байх өндөр магадлалтай болжээ.
ХКН-ын энэхүү их хурлыг дэлхий даяар анхааралтай ажиглаж байгаагийн нэгэн илрэл нь энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар “ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж, ХКН-ын 20 дугаар их хурал амжилттай болохыг ерөөсөн” байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.