Бичлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон этгээдийг баривчилжээ
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр бусдын амь нас хохирсонтой холбоотой дуудлага мэдээлэл иржээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ё.Алтанцоож:
-Хэргийн газарт ажиллах явцад иргэн С,Э нар архидан согтуурсны улмаас хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насыг хохироосон нь энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдож, сэжигтэн этгээд С-ийг шуурхай эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчлан шалгалтын ажиллагаа хийж байна. Хохирогчийн хувьд 33 настай, холбогдогч нь 33 настай байсан.
Иргэн Э-ийн гэрт иргэн Б, С, Э нар нь архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар иргэн Э, С нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсан нь тогтоогджээ. Ингэхдээ иргэн С нь иргэн Э-ийн толгойн тус газарт цохиж амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Холбогдогч С нь Баянгол дүүрэгт оршин суух хаягтай цагдаагийн байгууллагын нэгдсэн санд зөрчлийн найм, эрүүлжүүлэгдсэн 24 удаагийн бүртгэлтэй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох ширээний хөлийг дутуу шатаасан байсныг үзлэгээр тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.