70 давхар оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэллээ

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, тэнд нутаглуулсан насан өөд бологсдын шарилыг нүүлгэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, "Нью семетри" ХХК-ийн хамтран хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд хурал ном хурж, зан үйл хийсэн юм.

278293003 420035726597218 5463522514728334108 n

Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. . Газар оршоосон хүний цогцос нь 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалж, байгаль экологи болон хүний эрүүл ахуй, амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг. Чухам тиймээс нийслэлийн хойморт орших Самбалхүндэвт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахаар зорьж буй юм. Төсөл хэрэгжүүлэгчдээс зарим зүйлийг тодрууллаа.

Гандантэгчэнлин хийдийн лам Ж.Одгарьд:

278332571 420035759930548 1624798606120050395 n

-Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. 2021 онд Нийслэлийн Засаг даргын А/733 тоот захирамж гарч, асуудлыг нэг талд гаргаж, хэн ч харсан сэтгэлд зохистой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлыг Гандантэгчэнлин хийд, тус хийдийн лам хуврагууд дэмжиж байгаа.

-Өөд болоочдын шарилыг зөөхөд ямар зан үйл хийдэг вэ. Урьд өмнө нь ийм тохиолдол олон гарч байсан уу?

-Дээдэс лам нарын бичиж үлдээсэн судар номын дагуу зан үйл хийж, хурал ном хурж байна.. Бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлэх зан үйл урьд өмнө нь болж байсан үйл л дээ. Ялангуяа Мял богд төгс гэгээрсэн бурхны хутгийг олоод өөрийн ээжийнхээ шарилыг дахин оршоож байсан гэдэг. Орчин цагт ч ялгаагүй ийм зан үйл олонтаа тохиосон. .

"Нью семетри" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа:

278224462 420035639930560 4757763806345131168 n

-Тус төслийг хэрэгжүүлэх санаачилга хэрхэн гарсан бэ?

-Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгоход хувь нэмрээ оруулах, оршуулгатай холбоотой олон тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ар гэрийнхний дэмжлэгээр чамгүй зориг шаардсан ажлыг эхлүүллээ. Гүн хүндэтгэлтэй, нэн хариуцлагатай энэ ажлыг нээлттэй байх зарчмаар хийж гүйцэтгэнэ. Анх 2015 онд УБЗАА-аас тооллого хийхэд оршуулгын 30 хувь эвдрэлтэй байсан бол одоо 50 хувь болж нэмэгдээд байна. Тиймээс ар гэрийнхний зүгээс айдас хүйдэсгүйгээр бурхан болоочоо эргэж болох нь гээд талархалтай хандаж байгаа.

-Нэр хаяг тодорхойгүй булшнуудыг яах вэ. Ар гэрийнхэн нь холбогдож байна уу?

-. Нэр хаягтайг нь мөн сийлж мөнхжүүлнэ. Төсөл хэрэгжүүлж буй 10 га газарт багтсан насан өөд бологсдын нэрийг www.sambalhundev.mn сайтад байршуулсан. Тэндээс хайж олж болно. Төслийн талбайд байршсан бурхан болоочийн ар гэрийнхэн шарилыг гаргах өдрөө өөрсдөө сонгох боломжтой.

278472317 420035623263895 4267809676720826021 n

-Гадаадын иргэний шарил олон бий гэсэн. Холбогдох байгууллагуудтай нь холбоо барьсан уу?

-Тухайн улсын Элчин сайдын яам, холбогдох газруудад нь мэдээллээ хүргэсэн. Ямар байдлаар хамтран ажиллахаа ярилцаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас есдүгээр сар хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэх юм.

-Төслийн бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Төсөл гурван бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Нэгдүгээрт, талбайд хамаарагдаж буй 11 мянган бурхан болоочийн шүтээн чандрыг залах дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, буяны сүмийн бүтээн байгуулалт, хоёрдугаарт эмгэг судлалын төв буюу цогцос хадгалах байр, гуравдугаарт оршуулга болон түүнтэй холбоотой зан үйлийн нэгдсэн цогцолбор байгуулна гэлээ.

278302337 420035876597203 8784008258948359128 n

Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, Дэнжийн мянгын хүнсний захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах ажлыг ийнхүү эхлүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.