LIVE: Ч.Өнөрбаяр: АН-ын нэр бүхий лидерүүдийг төрийн хамгаалалтад авах шаардлага хүргүүлнэ

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр /2022.04.06/ нэгэн ноцтой мэдээлэл хийсэн нь нэр бүхий таван иргэн олон тооны буу зэвсэг нөөцөлж, улс төрч, төрийн албан хаагчдын амь насанд халдахаар заналхийлж байсныг ил болгов. 

Энэ үеэр "Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан галт зэвсэг дунд Б.Баасанцогт нарын этгээдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр баривчилсан" гэлээ. Өөрөөр хэлбэл, эндээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэхүү гэмт хэрэгтэй шууд болон шууд бусаар холбоотой байж болзошгүй гэсэн таамаглал урган гарч ирж байна.

Ардчилсан намын даргаар сонгогдсон Х.Баттулгыг ёсчлон батламжлах ээлжит бус их хурал маргааш болно. Уг арга хэмжээнд зориулж 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан болохоор зарлагдсан. Харин С.Эрдэнийн Ардчилсан намаас дээрх барилдааныг зохион байгуулъя гэж Монголын үндэсний бөхийн холбоонд дөрвөн сарын өмнө хүсэлт тавьсан ч МҮБХ Х.Баттулгын талтай хамтран барилдаан зохион байгуулахаар болсныг эсэргүүцэж, гадны их хэмжээний санхүүжилттэй, бооцоотой бөхийн барилдааныг зохион байгуулахаа болихыг шаардсан билээ.

Энэ үеэр С.Эрдэнийн АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр үүсээд буй асуудалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Дэлхий дээрх улс төрийн аллагын түүхийг харахад нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр л хийсэн байдаг. Тагнуулын байгууллага хууль дүрэмд захирагдаж ажилладаг. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг байгууллага улс төрийн шоу хийх ёсгүй. Үүний цаана маш олон баримт материал бий байх. Манай намын нэр бүхий лидерүүд буюу Ч.Сайханбилэг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын нэрс гарсан. Жагсаалт С.Эрдэнэ, Э.Бат-Үүлээр үргэлжлэх байх. Би АН-ын үнэт зүйлийг хангаж байгаа улс төрчдийн аюулгүй байдлыг хамгаалах нь төр засгийн үүрэг гэж хэлмээр байна. Том зургаараа энэ бол гадны явуулга. Хэзээ ч Монголын улс төрийн намууд, улс төрчид ингэж хэмлэлцдэггүй юм. . Монголын ардчилал дархлаагүй болох нь. Өнгөрсөн 30 жилд хэзээ ч бид ингэж "зодолдож" яваагүй шүү. Монголын төр засаг болон парламентийн засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн явуулга илт явагдаж эхэллээ. 

277978948 5026099204146578 2127858458264497646 n

Үүний цаана нэг л хүн бий. Яагаад тэр /Б.Баасанцогт/ хүний шүүх хурал явагдаж, компьютерийг нь ухахад схем гарч ирсэн юм бэ. Яагаад яг тэр схемийн дагуу улс төрчдөд арав хүртэлх жилийн ял өгч байсан юм бэ. Тэр олон улс төрчийг яагаад толгой дараалан шийтгэв. Ийм нөхрийн гэрээс буу шийдэм олдож байгаа нь юу гэсэн үг вэ?  Сонгуульд нэр дэвшиж яваа хүмүүсийг бөөнөөр нь авчирч ял өгөх гэх мэтийн санаа манай монголчуудаас гарахгүй, энэ бол цэвэр гадны санаа. 

Цагдаагийн байгууллага болон хууль сахих байгууллагынхан нэр нь дурдагдсан АН-ын нэр бүхий лидерүүдийг хамгаалалтад авах ёстой. Шаардлага мэдэгдэл хүргүүлж байна" гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.