АН: МҮБХ Ардчиллын баярыг хулгайлж, Х.Баттулгын талд өндөр үнээр зарахаа зогсоо

Ардчиллын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 7-ны Пүрэв гаригийн 14:00 цагаас Бөхийн өргөөнд болно. Уг барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх зургаан сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгөөр байлуулна. Гэвч уг барилдаантай холбоотой маргаан улс төрийн асуудал болж хурцаджээ.

Тодруулбал, Ардчилсан намаас дээрх барилдааныг зохион байгуулъя гэж Монголын үндэсний бөхийн холбоонд хүсэлт тавьсан аж. Гэтэл Х.Баттулгын талынхан ч мөн ийм хүсэлт тус холбоонд гаргасан байна. Харин бөхийн холбооны зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талтай хамтран барилдаан зохион байгуулахаар тохирсон аж.

Тиймээс хууль ёсны Ардчилсан намаас энэхүү үйлдлийг намын нэр барьж, мөнгө угаах хууль бус үйлдэл гэж мэдэгдэл гаргаж, дараах мэдээллийг хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат:

-1990 оны 4 сарын 7-ны өдөр АН байгуулагдаж байсан бөгөөд анхны дарга Э.Бат-Үүл юм. Бид Ардчиллын баярт зориулсан бөхийн барилдааныг барилдуулахаар МҮБХ-нд дөрвөн сарын өмнө захиалгаа өгсөн байсан. Гэтэл бидний баярыг цуцалж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талтай хамтран, өндөр бооцоотой бөхийн барилдаан явуулахаар болсон байна. гэлээ.

Уг мэдэгдэлд “Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч гэх Х.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав нар хамтран Ардчилсан намын нэрээр “мөнгө угаах” хууль бус үйлдэл явуулж байгааг Ардчилсан нам эсэргүүцэж байна. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр нь Монголын Ардчилсан нам байгуулагдсан түүхэн баярын өдөр. Гэтэл Ардчилсан намын нэр барьсан хэсэг хүмүүс Ардчилсан намын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаа явуулж түүнийг зөвтгөх нэрийн дор Монгол бөхийн өргөөнд 2022 оны дөрөвдүгээр сарын өдөр 7-ны өдөр Ардчилсан намын баярт зориулсан хэмээх 256 бөхийн барилдааныг зохион байгуулахаар завдаж байна. Энэхүү барилдаанд Ардчилсан намын нэр, тамга, лого, тугыг зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглахын зэрэгцээ ихээхэн хэмжээний хууль бус мөнгөний асуудал яригдаж байна. Иймд Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү хууль бус ажиллагаагаа даруй таслан зогсоож, дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн барилдаанаа цуцлахыг албан ёсоор шаардаж байна. Ардчилсан намын нэр барьсан этгээдүүдтэй Ардчилсан намын гишүүд бид улс төрийн хатуу тэмцэл явуулахаа анхааруулж байна” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.