?LIVE: Улс төрч, төрийн албан хаагчдыг алахаар төлөвлөж байсан этгээдүүдийг баривчилжээ
Тагнуулын Ерөнхий газраас зэвсэг хэрэглэн улс төрч, төрийн албан хаагчдыг алахаар төлөвлөж байсан таван этгээдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр:
-Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна.
Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээдүүд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн бол 861 ширхэг сум болон тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан. Зарим нэр бүхий улс төрч болон төрийн албан хаагчдын амь насанд халдахаар төлөвлөж байсныг шалгалтын явцад илэрч байна. Эдгээрийн дотор өмгөөлөгч Б.Баасанцогтын эзэмшиж байсан галт зэвсэг илэрсэн учир түүнийг сэжигтнээр тооцон баривчилж, шалгаж байна.

Мөн хэрэгт нэр холбогдогч нь дээрх хууль бус ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан ба тухай үйлдэлд эрүүгийн хэрэгт Тагнуулын байгууллага дээр нэгтгэн шалгаж байна. Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал цуглаан түүний үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэх аргагүй юм. Иймд иргэд жагсаал, цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг ТЕГ-аас анхааруулж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.