Иргэд ОХУ-ын ЭСЯ-ны гадна жагсаж байна
ОХУ-ын цэргийн хүчний Украин дахь түрэмгийлэл болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны "дипломат ёсонд үл нийцэх" үйлдлийг эсэргүүцсэн иргэд тайван жагсаал зохион байгуулж байна.
ОХУ-ын ЭСЯ нь албан ёсны Фейсбүүк хуудаснаа "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" хэмээн хаягласан нийтлэл бичсэн нь ард иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан бөгөөд Гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг анхааралдаа авч, ноот бичиг илгээгээд байгаа билээ. Мөн Ардчилсан намын зүгээс энэхүү явдлыг буруушааж, Элчин сайдын яамыг албан ёсны тайлбар хийхийг шаардсан.
Тэгвэл "NoWar" уриан дор нэгдсэн иргэд өнөөдөр Оросын ЭСЯ-ны гадна цугларч, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизовыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Жагсагчдын зүгээс ОХУ-ын Засгийн газрыг дипломат ёстой, аливаа улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэдэг Элчин сайдыг томилохыг шаардаж байгаа аж.
Монгол Улсын иргэд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг гэдгийг онцолсон жагсагчид мөн Украины ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлэн, энх тайвныг уриалжээ. Түүнчлэн тайван жагсаалыг хуулийн дагуу хамгаалалтаар хангасан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.